“Ёохор” хэвийн боов шилдгээр шалгарчээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 17:47:15

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас санаачлан, Хөдөлмөрийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар,  Стандартчилал хэмжил зүйн газар, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, Биеийн тамир спортын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд хамтран үзэсгэлэн худалдааг Алтай хотод 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, иргэд аж ахуй нэгжийн борлуулалтын сүлжээг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулсан уг үзэсгэлэн худалдаанд Есөнбулаг сумын үйлдвэрлэгчид тус аймгийн Халиун, Хөхморьт сум, хөрш зэргэлдээ Завхан, Баянхонгор аймгийн нийт 118 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчид 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 58,0 орчим сая төгрөгийн борлуулалт хийлээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогсдын бүтээгдэхүүнийг  3 төрлөөр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.

Үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүнээр: “Ёохор”  талх нарийн боовны цехийн хэвийн боов шалгарч, шилдэг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээр:  “Алтайн  бүтээл” хоршооны эсгий урлал, шилдэг үйлдвэрлэгч өрхөөр: Харзат багийн иргэн Д.Бямба-Очирын  сүү цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүн, тусгай байранд Хөхморьт сумын иргэн ахмад настан Д.Шооргой уламжлалт бүтээгдэхүүнээрээ тус тус шалгарлаа.    
                                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол  

Холбоотой мэдээ