Эмнэлгүүдийн орны ачаалал 60 хувиар хэтэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-02-23 12:45:17

Он гарсаар томуу, томуу төст өвчний гаралт ихэсч байгаа ч амбулаторийн үзлэгийн 8.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал хэвийн хэмжээнд байсан бол өнгөрсөн долоо хоногоос ачаалал нэмэгдэж 60 хувиар хэтрээд байгаа аж.  Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу  57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөн эзэлж байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.  

Хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн тоо  60 хувиар илүү байгаа ч  Нийслэлийн Эрүүл мэндийн газраас том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн орны ачааллыг зохицуулж байгаа аж. Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20 цаг хүртэл уртасгасан цагаар, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон байна. 

Мөн ХУД, БЗД-ийн эмнэлэгт илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд буй аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ