“Үдийн цай”-тай холбоотой зөрчилгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 10:13:33

Баянхонгор аймгийн ЕБСургууль бүр дээр бага ангийн сургалтын менежерээр ахлуулсан  эцэг эх, жижүүр багш, эмчийн төлөөлөл оролцсон хяналтын зөвлөл  ээлжээр ажиллаж хэвшжээ. Тэд өдөр бүрийн үдийн цайны дээжийг авч амталгаа хийж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнд  устгал хийн ажилладаг  байна. Тус ажлын үр дүнд “Үдийн цай”-тай холбоотой ямар нэг зөрчил гардаггүй болжээ.

Сургууль бүр Үдийн унд уух дэг тогтоож, сурагчид чандлан баримталдаг болсон байна. Тухайлбал: Номундалай, Жинст, Галуут, Эрдэм, Баян-Ойт, Эрдэнэмандал зэрэг сургуулиуд халуун уурын ариутгасан  алчуураар  үдийн ундны өмнө хүүхэд бүрийн гарыг ариутгаж хэвшсэн бол Эрдэнэцогт, Номундалай, Эрдэм зэрэг сургууль дээр унд уухын өмнө жамц давсны уусмал, содын уусмалаар амаа зайлах байдлыг хэвшүүлсэн байна. Ихэнх сургууль дээр аяга халбагыг халдваргүйжүүлэн шарж ариутгадаг байдал тогтмолжсон бөгөөд сургуулиудын хяналтын зөвлөлүүд багаараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад сард нэг удаа газар дээр нь очиж, үйл ажиллагаатай нь танилцаж ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаг байна.

Сонирхуулахад, Шинэ сум төсөл, БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар Бууцагаан, Баянлиг сумдын сургууль, цэцэрлэгийн гал тогоонд иж бүрэн тоног төхөөрөмж, Гурванбулаг, Бөмбөгөр сумын цэцэрлэгт иж бүрэн гал тогоо, Хүрээмарал, Галуут, Өлзийт, Баян-Овоо, Баянхонгор сумын 2, 3, 4, 10, 11, 12дугаар цэцэрлэгүүдэд гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлснээр хүүхдийн хоол, үдийн цайны чанарт ахиц гарчээ. 

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ