Баялаг бүтээгчид 100,0 сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД“Монголд үйлдвэрлэв Миний хэрэгцээ” уриатай Ховд аймгийн Баялаг бүтээгчдийн уулзалт болж Баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр оролцон жижиг үйлдвэр эрхлэгчдийн санал бодлыг сонсох уулзалт болсон юм.
Улс төрөөс хараат бус дөрөвдэх засаглалынхны санаачлан байгуулсан Баялаг бүтээгчдийн холбоо солонгорсон эдийн засгийг монголдоо хөгжүүлэх хүнд, хөнгөн үйлдвэр эрхлэгчдийн томоохон давалгаа үүсгэн дуусдаггүй баялгийг бүтээж эх орондоо үндэсний үйлдвэр хөгжүүлж, хямралаас гарч чадна гэдэгтээ итгэл төгс байгааг онцлов.
Баялаг бүтээгчдийн салбарын эрхзүйн орчин сайн бүрдээгүй учир залуучууд орж ирээгүй байна. Залуучуудаа дэмжиж тэдэнтэй хамтран ажиллана гэдгээ уулзалт дээр тэрээр хэллээ.
Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээравдан 2016 оныг баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, тухайн жилийн ажил зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан Ховд аймгийн Баялаг бүтээгчдийн холбоог дэмжиж хамтран ажиллаж байгаа юм.
Ховд аймгийн баялаг бүтээгчид жил бүр уламжлал болон явагддаг “Элбэг дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус үзэсгэлэнд оролцогчид 100,0 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаагийн тод илрэл юм .
Энэ байдалд сэтгэл ханаад орхих бус үйлдвэрлэл эрхлэгчид тогтмол үйл ажиллагаагаа явуулж, бараа бүтээгдхүүнийхээ чанарыг сайжруулж, гадаад дотоод үзэсгэлэн худалдаанд оролцож цар хүрээгээ улам тэлэх хэрэгцээ байгаа нь харагдаж байна.
Түүнчлэн баялаг бүтээгчид аймаг бүрт нэгдэж, хамтын ажиллагаагаа уялдуулж төрөөс Сум хөгжүүлэх сангаас олгодог жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлд хяналт тавьж эхэлж байгаа аж.
Цаашлаад төрөөс худалдан авах бараа ажил үйлчилгээнд оролцох аймаг орон нутагтаа зарладаг сургууль, цэцэрлэгийн сандал ширээ, зөөлөн оедол зэргийг хийх тендэрт оролцох боломж нөхцөл байгаа талаар жижиг үйлдвэр эрхлэгчид аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.
Мөн уулзалтад оролцогчид Ховдод үйлдвэрлэв худалдааны танхим, Идэр ума тахианы ферм, Наран хүнсний үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэдэг хөөсөнцөр, хавтангийн үйлдвэрлэл явуулдаг жижиг бизнес эрхлэгчдийн ажилтай танилцсан юм.
Ховд аймгийн хэмжээнд нийт 923 аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 7842,2 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг чиглэлээр нь ангилбал хүнсний үйлдвэрлэл 138, эсгий сүлжмэл, арьсан эдлэл 42, мод модон эдлэл 78, ахуйн үйлчилгээ 220, барилгын материалын 47, мал аж ахуй 58, газар тариалан 179,худалдаа үйлчилгээ 126 байна.
2015 онд “Сум хөгжүүлэх сангийн” хөнгөлттэй зээлийн эргэн төлөлтөөс нийт 254 төсөлд 1469,5 сая төгрөгийн дэмжлэг олгож 254 ажлын байр шинээр бий болж 195 ажлын байр хадагалагдсан байна.
А.Бямбасүрэн