Ирэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-19 17:12:36
twitter.com/Nyamkanmk

БУЭНОС-АЙРЕС. /globaltimes/. Валютын хямрал, бодлогын хүүгийн эрчимтэй өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах эсвэл бүр уналтад оруулж болзошгүй байдал үүсгэх эсэхэд хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагчид үнэлэлт хийж байна.


Өнгөрсөн пүрэв гарагт Туркийн Төв банк үндэснийхээ валютын ханшийн уналтыг зогсоох зорилгоор бодлогын хүүгээ 24 хувь болгон өсгөсөн билээ. Харин Аргентин бодлогын хүүгээ 60 хувь болгож өсгөсөн хэдий ч үндэсний валютынх /песо/ нь ханш 50 гаруй хувиар унасан юм.


Үүнээс гадна Өмнөд Африк, ОХУ, Бразили зэрэг орны үндэсний валютын ханш энэ онд 15-20 хувиар унасан бол Энэтхэгийн рупийн ханш урьд өмнө байгаагүйгээр уналтад орсон байна.


Хэдэн сарын турш үргэлжилж буй зах зээлийн энэ үймээн бусад эдийн засагт хохирол учруулаад эхэлжээ. Өмнөд Африк гэхэд энэ оны хоёрдугаар улиралд эдийн засгийн гэнэтийн уналтад оров. Харин Аргентин мөн л эдийн засгийн уналтад ороход ойрхон байгаа бол Турк ирэх жил хүндхэн байдалд орох төлөвтэй байна.


Ийм нөхцөл байдал, дохио нь бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгчдийн итгэл найдварт гэнэтийн цочрил өгснөөр 2019 онд хөрөнгө оруулалтын урсгал гэнэт зогсох уу?


Бизнесийн итгэл найдвар


Хөгжиж буй олон оронд худалдан авагч менежерийн индексүүд огцом унасан болохыг энэ сарын эхээр гарсан мэдээлэлд дурджээ.


“АНУ-ын долларын ханш чангарч байгаа үед хөгжиж буй зах зээлүүд, ялангуяа эдийн засгийн алдагдалтай орнуудын санхүүгийн гадаад орчны нөхцөл байдал хүндхэн болж байдаг” гэж “HSBC” банкны хөгжиж буй зах зээлийн судалгааны төвийн тэргүүн Мурат Ульген хэллээ.


Санхүүгийн дотоод орчны нөхцөл байдал


Хөрөнгийн урсгал нь гадагшаа чиглэсэн асуудалтай нүүр тулгарсан хөгжиж буй орнуудын эдийн засагчид бодлогын хүүгээ өсгөх хандлагатай байдаг ба ингэснээр тэд санхүүгийн дотоод орчны нөхцөл байдлаа хүндрүүлж байгаа юм гэж тэрбээр нэмж хэлэв.


Мөн тэрбээр, хэлбэлзэлтэй, бодлогын хүү өндөр, хөрөнгийн зах зээл нь зуны улиралд сул байсан орнуудыг авч үзвэл санхүүгийн нөхцөл байдал нь сөрөг талдаа байх магадлал өндөртэй байдаг гэж хэллээ.


Нэгдүгээр сарын оргил үеэсээ хойш 22 орчим хувиар унасан хөрөнгийн зах зээлийг ерөнхийдөө үнэт цаасны ханш бууруулах хандлагатай зах зээл гэж үздэг.


Санхүүгийн дотоод нөхцөл байдал хүндрэх нь эдийн засгийн үйл ажиллагаанд дарамт болдог гэж тэрбээр мөн хэлжээ.


Валютын ханшийн уналтын түүх


Хөгжиж буй зах зээлүүд ийм хямралтай тулгарсан байдаг.


Гурван жилийн турш үргэлжилж, ханш нь өмнөх үнэ цэндээ хүрч чадаагүй валютын бодит ханшийн уналт анх 1980 онд тохиолдсон бөгөөд энэ үеэс хойш нийт есөн удаа ийм тохиолдол гарсныг Олон улсын санхүүгийн байгууллга бүртгэн авчээ.


Мексик 1995 онд ийм хувь тавиланг туулж байсан бол Индонез, ОХУ 1998 онд, Бразили 1999 онд ийм хувь тавилантай нүүр тулж байжээ. Харин 2002 онд Аргентин болон Уругвай, 2003 болон 2016 онд Египет, 2014 онд Украин ийм байдалд орж байв.


“Түүхэндээ валютын ханш маш ихээр унасан есөн тохиолдол л байдаг. Валютын ханш унасан жил ДНБ огцом буурдаг. Гэвч сүүлийн үед валютын ханшийн уналтаас их хэмжээний алдагдал үүсч, бараа бүтээгдэхүүний илүүдэл бий болдог бөгөөд үүнийг импортын шахалт болон экспортын хэмжээний өсөлт улам бүр эрчимжүүлдэг” гэж Олон улсын санхүүгийн байгууллагын эдийн засагч Робин Брүкс хэлжээ.
 
Худалдааны нөхцөлийг сайжруулах


Экспортын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн зөрүүг арилгахад ханшийн хувьд сул валют дэм болдог хэдий ч дотоодын худалдан авах чадварыг боомилохын зэрэгцээ эрэлт, өсөлтийг сулруулдаг.


Хөгжиж буй орнуудын дунд худалдааны маргаан болон татвар нэмэх асуудлууд газар авч байгаагийн улмаас үүдэн гарах нөлөөг шинжээчид судалж байна. Тэдний дүгнэлтээр эдийн засгийн үйл ажиллагааг явуулахад хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг нь худалдаа ажээ.


Турк, Аргентин, Бразили, Өмнөд Африкийн эдийн засгийн талаар үнэлгээ хийсэн Мурат Ульген, хөгжиж буй орнууд болон хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн ялгаа богино хугацаанд буурна гэж таамаглажээ. Харин сүүлийн үеийн хямралыг эдийн засгийн хувьд эмзэг орнууд хэрхэн зохицуулах вэ гэдэгт хөрөнгийн урсгал чухал үүрэг гүйцэтгэх ажээ.


Хөрөнгийн урсгал дахь гэнэтийн зогсолт


2017 онд бондын зах зээлд 70 тэрбум ам.долларын, хөрөнгийн зах зээлд 65 тэрбум ам.долларын урсгал бий болсон нь хөгжиж буй орнуудын зах зээлд эдийн засгийн үйл ажиллагаа эрүүл байсныг илтгэж байгаа юм.


2018 онд эдийн засгийн урсгал эрүүл эхэлсэн боловч оны дунд үеэс хөгжиж буй орнуудын бондын зах зээлд уналт үүссэн юм. Тухайлбал, энэ оны тавдугаар сар хүртэл хөрөнгийн зах зээлийн урсгал 55 тэрбум ам.доллар байсан нь зургадугаар сараас эхлэн хөрөнгийн урсгалын хэмжээ унаж, 50 хувиар буурсан байна.


Хөгжиж буй орнууд дахь хөрөнгийн урсгал гэнэт буурах эсвэл гэнэт зогсолт үүснэ гэж “JPMorgan” хөрөнгө оруулалтын банкны Луис Органес өмнө нь анхааруулжээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ