Хаваржилт хатуухан эхлэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 17:21:37

Өвөлжилт зарим сумдад хүндэрч, хаваржилт хатуухан эхлэх магадлалтай байгаагийн улмаас аймгийн Онцгой комисс хуралдлаа. Одоогоор Нарийнтээл, Хархорин, Хужирт сумдад байгаль, цаг агаарын байдал хүндхэн, цас ихтэй байгаа бөгөөд аймгийн нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, цасны хамгийн зузаан хэсэг нь 19 см хүрсэн байна.

Өвөлжилт хүндэрч буй Хужирт, Бүрд суманд тус бүр нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Хархорин, Сант, Нарийнтээл сумдын аюулгүй нөөцөд 2-3 жил өнжсөн 90 тонн өвсийг сумдад хуваарилан үнэгүй тарааж дуусгажээ. Сумдууд бэлтгэсэн 1453,5 тн өвснийхөө 76 хувийг, 374 тн тэжээлийн 90 хувийг тус тус зарцуулж, 9 сум өвс тэжээлийн нөөцөө бүрэн дууссан мэдээтэй байгаа юм.

Малын тоо 3000 гаруй толгой хорогдоод байгаа ба нийт 1,8 сая толгой хээлтэгч малаас 2000 гаруй нь хээл хаясан байна. Мөн их хүйтрэлийн улмаас төлө, борлон дарагдаж үхэх явдал багагүй гарч байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ