Багийн дарга нарт компьютер олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 20:14:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас  төрийн байгууллагуудтай хамтран “Багийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чадавхжуулах сургалт”-ыг  есдүгээр  сарын 16-нд зохион байгууллаа. Сургалтаар  нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлт гаргахад анхаарах зүйлүүд хийгээд багийн анхан шатны төрийн үйлчилгээ, хууль тогтооомж, бусад зүйлийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж  багийн Засаг  дарга нарын санал бодлыг сонссон юм. 

Төрийн анхан шатны нэгж багийн Ажлын албаар дамжуулж  төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдэд үйлчлэх, эргэн холбоо тогтоох боломж их байдаг бөгөөд албаныхан багийн Ажлын албыг чадавхжуулах,  ажилтнуудыг сургахад анхаарч ажиллаж байгаа тул Засаг дарга нарын статистик мэдээний програм хангамж болон компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадамжийг нэмэгдүүлэх, албан хэрэгцээнд нь зориулж  зөөврийн компьютер олголоо.

Сургалтад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон нийт 60 багийн Засаг дарга нар оролцлоо. Дорноговь аймаг нийт 14 сумтай, 64 багтай.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ