"Цайны зам" өв соёлын наадам Буянт сумын соёлын өдрөөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-24 12:53:19

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймагт есдүгээр сарын 24-30-ныг хүртэл Цайн зам өв соёлын наадам  Буянт сумын соёлын өдрийн арга хэмжээгээр Ард Аюушийн талбайд эхэллээ.

Олон ястан үндэстний өлгийн нутгийнхан бүжиг, ая дуугаараа Цайны замын наадмын нээлтийн салхийг хагалж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Боловсрол Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон Буянт сумын ИТХ, ЗДТГ-ын дарга нар нутгийн иргэдийн хамт оролцлоо.

Буянт сумынхан амтат тарвас, хүнсний ногоон,цагаан идээ, уран зургийн үзэсгэлэн гаргаж, үдээс хойш аймгийн Хөгжимт драмын театрт тус сумын тайлан тоглолтоор  үргэлжлэх юм.

Ховд аймаг олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, дэлхий нийтэд сурталчлан таниулах томоохон эвент болгох зорилгоор энэхүү  “Цайны зам өв соёлын наадам”-зохион байгуулж байна.

Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж дөт замаар цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах гарц байжээ.Цайны зам бол худалдааны орлогын хувьд Торгоны замын дараа орох хоёрдугаар чухал зам байв. Хоёрдугаар зам гэдэг нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн Баруун хязгаарыг чиглэсэн зам  аж.

Цайн их замуудын нэгээхэн түүх нь Ховд аймгийн төвөөр дайран өнгөрч байсан түүхтэй юм. Энэхүү өв соёлын наадам таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд бэсрэг наадам, тэмээн жин, адуучин тэмцээн, Гурван сэнхэрийн агуйгаас салаасан таван маршрутын дагуу ойрын зайн аялал хийх юм.Түүнчлэн Олон улсын хөөмийн тавдугаар наадам, уран нугаралтын бэсрэг наадам,тууль,цуур,бий биелгээ,хөөмий,уран нугаралтын  сонирхолтой үзүүлбэр тоглолтууд болно.

Цайн зам өв соёлын наадамд ОХУ,БНХАУ, Франц, Герман зэрэг орноос 60 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. Мөн “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал болно.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ