Урьдчилсан болзолгүйгээр ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг япончууд эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-24 14:46:33

ТОКИО. /РИА Новости/. Япончуудын 75 орчим хувь нь урьдчилсан болзолгүйгээр ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг эсэргүүцэж байгааг "Иомиури" сониноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Япончуудын дийлэнх нь найрамдлын гэрээ байгуулахын өмнө эхлээд газрын нутгийн маргаантай асуудлыг шийдэх ёстой гэсэн Засгийн газрынхаа байр суурийг дэмжиж байна. Урьдчилсан болзолгүйгээр найрамдлын гэрээг энэ онд багтаан байгуулах тухай Владимир Путиний саналыг санал асуулгад оролцсон хүмүүсийн ердөө 14 хувь нь дэмжжээ.

Түүнчлэн “Никкей” сониноос явуулсан судалгаанаас үзвэл, Японы иргэдийн гуравны хоёр нь газар нутгийн асуудлыг урьдчилан шийдэхийг дэмжиж байгаа бол ердөө 19 хувь нь эхлээд найрамдлын гэрээ байгуулж болно гэж үзэж байгаа аж. Харин санал асуулгад оролцогчдын зургаан хувь нь ийм гэрээ байгуулах огт хэрэггүй гэж үзэж байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ