Л.Балхжав "Миний дуунууд" гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-08 20:00:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, “Пентатоник”наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын“Миний дуунууд 2018” уран бүтээлийн тайлан тоглолт үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна.Тоглолтыг угтаж өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Миний дуунууд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.


Үзэсгэлэнд их урлагт 45 жилийг зориулж буй хөгжмийн зохиолч Л.Балхжавын дурсамжит гэрэл зургууд, амьдрал, уран бүтээлтэй холбоотой сонирхолтой үзмэрүүдийг тавьжээ.


Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжмийн зохиолч Н.Халиун, залуу уран бүтээлч Ч.Очгэрэл, Б.Замилан зэрэг рок попын төлөөллүүд оролцсон юм.




Жил бүрийн намар шинэ уран бүтээлүүдээсээ дээжлэн тоглолт хийдэг заншил тогтоод 20 жил өнгөрчээ. Энэ жилийн хувьд “Миний дуунууд” тоглолт 10 дугаар  сарын 26, 27-ны  өдрүүдэд“UB Раlасе”-ийн концертын их танхимд болох юм байна.


Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав: “Анх 1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэй анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулсан нь өнөөдрийн “Миний дуунууд” тоглолтын эхлэл байв. Тоглолт угтсан үзэсгэлэн гаргая гэсэн санааг UBS телевизийн залуучууд  гаргасан. Тасралтгүй 19 жил үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулзаж энэ удаа Миний дуунууд 20 дахь уран бүтээлийн тайлан тоглолтоо амжилттай зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Энэ жилийн тоглолтыг тэс өөр шийдэлтэй хийхээр зэхэж байна. Тоглолт хийхэд 20 жилийн хугацаанд олон хүний хөдөлмөр шингэжээ. Яруу найрагчид, дуучид, хөгжмийн найруулагчид оролцож гайхалтай түүх бүтээжээ гэдгийг үзэсгэлэнгээс харж болно” хэмээлээ.

О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ