МҮЭХ-ноос шатахууны үнийн өсөлтөд яаралтай арга хэмжээ авахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-10 17:32:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-оос бензин шатахууны үнийн өсөлтөд яаралтай арга хэмжээ авч, "Эрсдлийн сан" байгуулж, татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргаж буйгаа мэдэгдлээ.

Бензин шатахууны үнэ он гарснаас хойш 3 удаа өсч, 200-300 төгрөгөөр нэмэгдэж, зарим аймагт 2300, Улаанбаатар хотод 1900 төгрөгт хүрлээ.  Үнэ өсөх шалтгаан нь ОХУ гаалийн бүтээгдэхүүний үнийг 60-80 ам.доллараар нэмснээс үүдэлтэй гэдгийг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат онцлов. Тэрбээр, “Цаашид бензин, шатахууны үнийн өсөлтөд Засгийн газраас арга хэмжээ авахгүй бол үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргаанд нөлөөлнө. Тиймээс Засгийн газар аливаа бараа бүтээгдэхүүнийг хямд байх үед худалдан авч нөөцлөөд, өссөн үед нь иргэдэд хямд үнээр борлуулдаг жишиг рүү шилжмээр байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс  “Эрсдлийн сан” байгуулах шаардлагатай боллоо. Мөн бензин, шатахууны чанарын асуудалд анхаарал хандуулах нь чухал болоод байна. Өнгөрсөн өвөл 100 гаруй мянган тонн хуурамч бензин татваргүй орж ирсэн гэх мэдээлэл бий. 2017 оны 1 дүгээр  бензиний хомсдол үүсэхэд МҮЭХ, Үнийн зөвлөлтэй  хамтран шалгалт хийхэд зарим компани 7-8 мянган тонн нөөцтэй байсан хэрнээ бензин, шатахуун дууссан хэмээн худал мэдээлсэн нь ч илэрсэн. Энэ мэт нөөцөө дарж, нуусан компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Монголд бензин, шатахуун импортлох зөвшөөрөлтэй 150 ААН, компани байдаг. “Монгол банк” валютын сангийн нөөцөөсөө тодорхой санхүүжилтыг нефт импортлогч компаниудад олгож, хэлцэл хийх боломж өгөхийг хүсч байна”гэв.

МҮЭХ-ны төлөөлөл өнөөдөр Өргөдлийн байнгын хороонд хандах бөгөөд татварын хуультай холбоотой санал дэвшүүлэх аж. Тухайлбал, иргэдийн бодит орлогыг хэмнэх үүднээс ХАОАТ-ын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу дундаж цалингаас доош орлоготой хүмүүст үзүүлэх, НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг үе шаттай нэмж 5 хувьд хүргэх  санал гаргав.

 

Б.Янжинулам

 

Холбоотой мэдээ