Испанид үерийн улмаас 5 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-10 17:02:35

МАДРИД. /BBC/. Испанийн Майорка арал дээр хүчтэй аадар борооноос үүдсэн үерийн гамшгийн улмаас 5 хүн амиа алдсаны зэрэгцээ олон хүн сураггүй алга болоод байгаа тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.


Арлын зүүн хэсэгт оршдог Сан-Лоренц-де-Кардассар сууринд аадар борооны улмаас голын усны түвшин ихээхэн нэмэгдсэн байна. “Автомашинууд үерийн усанд урссан ба олон хүн сураггүй алга болоод байна” гэж Испанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд Испанийн зэвсэгт хүчнээс 100 гаруй албан хаагч, үнэрч нохойнуудын хамтаар ажиллаж байгаа ажээ. Мөн гурван нисдэг тэрэг, цэргийн “Геркулес” нисэх онгоцыг Валенсия хотоос байгалийн гамшигт нэрвэгдсэн нутаг руу илгээгээд байгаа юм.


Тээврийн хэрэгслүүд усанд урсаж байгаа хийгээд нарийн гудамжууд усанд автсан нь олон нийтийн сүлжээн дэх дүрс бичлэг болон гэрэл зургуудаас харагдаж байна.


“Амиа алдсан хүмүүсийн дунд таксигаар зорчиж явсан Их Британийн хоёр иргэн байсан” гэж Испанийн “El Pais” сонины мэдээнд тэмдэглэсэн бөгөөд уг таксины жолооч сураггүй алга болоод байгаа тухай мөн мэдээлжээ.

Холбоотой мэдээ