Сүүлийн 20 жилд 1,3 сая хүн байгалийн гамшигт өртөн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-10-11 12:14:58

ЖЕНЕВ. /РИА Новости/. Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий даяар болсон байгалийн гамшгийн улмаас 1,3 сая хүн амиа алдаж, 2,9 их наяд /триллион/ ам.долларын эд материалын хохирол учирчээ. Энэ тухай НҮБ-ын Байгалийн гамшгийн аюулыг бууруулах газрын /ЮНИСДР/ лхагва гарагт нийтэлсэн тайлан мэдээнд дурдсан байна.

 

Тайлан мэдээнээс үзвэл, 1998-2017 онд дэлхийн зах зээлд байгалийн гамшгаас үүдэлтэй санхүүгийн алдагдал 251 хувиар өсчээ. Гамшигт өртсөн улс орнууд 2 их наяд 908 тэрбум ам.доллар гаргасны 77 хувийг цаг уурын аюултай үзэгдлүүдийн уршгийг арилгахад зарцуулсан байна.


Байгалийн гамшгийн улмаас хамгийн их алдагдал хүлээсэн орнууд бол АНУ /944,8 тэрбум/, Хятад /492,2 тэрбум/, Япон /367,6 тэрбум/ болон Энэтхэг улс /79,5 тэрбум/ юм. Европын орнуудаас Франц /48,3 тэрбум/, Герман /57,9 тэрбум/, Итали /56,6 тэрбум/ улсууд үер, далайн шуурга, газар хөдлөлтийн уршгийг арилгахад хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулжээ.


Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийд 7255 томоохон байгалийн гамшиг бүртгэгдсэний ихэнх нь цаг ууртай холбоотой бөгөөд ихэвчлэн үер, далайн шуурга болсон байна. Дурдсан хугацаанд гамшгийн улмаас 1,3 сая хүн амиа алдсаны талаас илүү хувь нь газар хөдлөлтөд өртөн амь насаа алджээ. Мөн 4,4 тэрбум хүн гэмтэж бэртэх, орон гэргүй болох, шилжин сууршихаас аргагүйд хүрэх зэрэг ямар нэг байдлаар хохирсон байна.



Холбоотой мэдээ