Заставын хилчид орон сууцтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-13 20:28:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо орших ХЦ-ийн 0243-р ангийн “Номт”-ын заставт найман айлын орон сууц ашиглалтад орсон байна.

Энэ сарын 10-ны өдөр болсон орон сууц хүлээн авах ёслолд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, ХЦ-ын 0243-р ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн болон хилийн дугаар заставын офицер, хилчин дайчид, түүний гэр бүл оролцжээ.

Сэлэнгэ аймагт сүүлийн хоёр жилийн байдлаар Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа гэнэ. Тухайлбал өнгөрсөн жил газар нутгийнхаа онцлогт тулгуурлаж өвөл цас ихээр унадаг 146 км урт усан хил бүхий чиглэлд хөнгөн завь, мөн өвөл хосоор үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий цасны чарга зэргийг орон нутгийн төсвөөс хөрөнгө зарцуулан авч өгчээ. Энэ нь хилчид үүрэг гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангасан ажлуудын нэгээхэн хэсэг гэнэ. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар “Нэг баг- Нэг агт”, "Нэг аж ахуйн нэгж-Нэг мотоцикль” гэсэн хөдөлгөөн өрнүүлж, хилчдийг унаажуулахад анхаарчээ. Сэлэнгэ аймгийн Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийг аймгийн Засаг дарга удирдан чиглүүлдэг. 2018 оны эцэс гэхэд төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд бүрэн хэрэгжих боломжтойг аймгийн дарга нээлтийн үеэр дуулгасан юм. Сүүлийн жилүүдэд Хил хамгаалах байгууллага буюу хилийн 0243-р анги хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч байгаа аж. Энэ удаад Сэлэнгэ аймгийн Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу орон сууцжуулах ажил бодит биеллээ олж, энэхүү орон сууцыг ашиглалтад өгчээ.  

Анх “Баруун хужир”-ын заставаас эхлүүлж байсан орон сууцжуулах энэ ажил өнөөдөр “Номт”-ын застав хүртэл амжилттай үргэлжилж байгаа юм байна.

Торгон хилийн зурваст сүндэрлэн боссон энэхүү байрыг аж ахуйн аргаар барьж, богинохон хугацаанд ашиглалтад өгчээ. Энэхүү найман айлын орон сууцыг барьж байгуулахад УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Л.Ганболд захиралтай “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК, мөн Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж байгууллага, хувь иргэдийн дэмжлэг тусламж ихээхэн хувь нэмрээ өгчээ.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ