Ховд аймаг дахь онцлог хөшөө дурсгалууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-25 12:27:26

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт түүх дурсгалын олон арван хөшөө бий. Түүний дотор эх орны тусгаар тогтнолын төлөө баатарлаг гавьяа байгуулсан халуун эх орончдын хөшөө дурсгал зонхилдог. Мөн сүүлийн үед олон ястны өв соёлын давтагдашгүй биет өвийг хойч үед үлдээхийн тулд хөшөөг нь мөнхөлж харуулсан нь бий. Ховд аймагт бүтээн байгуулсан түүхэн хөшөө дурсгалууд ихэвчлэн Монгол Улсын Урлагийн гавьяат Зүтгэлтэн уран барималч З.Дашзэвэг, Л.Ганхуяаг нарын загвараар хийгдсэн байдаг. 


Ард Аюушийн хөшөө


Ард Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш  ардын хөдөлгөөний цогтой тэмцэгчдийн нэг юм. Тэрээр 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын  нутагт төржээ.

Монголын ард түмнийг манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв. Тухайн хөдөлгөөнийг ардын хөдөлгөөн болгон харуулахын тулд ард Аюуш толгойлсон бөгөөд тэмцсэнийхээ төлөө "Есөн эрүү" шүүлтээр тамлуулсан ч давж гарсан юм.

Ард олныхоо төлөө цуцашгүй тэмцсэн түүнийг олон түмэн нь «Ард Аюуш» хэмээн алдаршуулсан билээ. Ард Аюуш хэмээн олонд алдаршсан Алдаржавын Аюушийн хөшөөг Ховд аймгийн Ховд хотод 1966 онд босгосон.


Галдан бошигт хааны хөшөө


Ховд хотыг 1685 онд Ховд голын хөвөөнд байгуулж, Манжийн түрэмгийлэгчтэй тууштай тэмцэж, эх орон, элгэн садан, хүн ардаа өмгөөлж боссон түүхэн хүн. Баруун Монголын их хаан Галданбошигтын сүрлэг хүрэл хөшөө, аймгийн нутгийн захиргааны өмнө сүндэрлэсэн байдаг. Үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэл нэгтэй олон ястнуудынхаа омогшил бахархлыг төрүүлэм хол ойрын зочин, гийчин, аялагч жуулчдын сонирхлыг татаж дурсгалын зураг татуулах хөшөө болсон юм.Уг хөшөөг 2006 онд босгосон байдаг.


Амарсанаа баатрын хөшөө


Амарсанаа нь 1755-1758 онд манжийн эсрэг тэмцэж байсан Монголын ард түмний нэгэн удирдагч юм. Тэрбээр 1755.9.24-нд цэргээ удирдан Манжийн дарлалыг эсэргүүцэн боссоноор тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт бослого эхэлсэн.
 Монгол Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Г.Амарсанаагийн хөшөө 1966 онд Ховд аймгийн төв Ховд хотод босгосон. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Ч.Дашзэвэг сантай хамтран хаягжуулж, сэргээн засварлан Ховд хотын Залуучуудын цэцэрлэгт босгосон юм.


Байтаг  богдын тулалдаанд зориулсан хөшөө


Байтаг Богд уул нь Монгол Улсын Ховд аймгийн Булган сумын нутагт оршдог. Оргил нь 3400 метр өндөр. Бүдүүн Харгайт, Нарийн, Хужирт зэрэг гол эх авч урсдаг. Шинэсэн зураа төгөлтэй. Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1947 оноос 1948 онд  баруун хилийн тулгаралт буюу хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг Байтаг Богдын тулалдаан хэмээн тэмдэглэдэг бөгөөд уг тулалдаан болсон газар дурсгалын хөшөө босгосон байдаг.
Хилийн цэргийн түүхэнд 1950 он хүртэл Монгол Улсын хил хамгаалах явцад 240 гаруй хилчин эрс амь үрэгдсэн гэсэн тоо баримт байдаг.


Монгол Улсын баатар  Ц.Олзвойн хөшөө


Монгол Улсын баатар,тагнуулч, байлдагч 1939 оны наймдугаар сарын 21-нд Зөвлөлт-Монголын цэргийн их давшилтын үед 17 дугаар хорооны даргын тушаалаар тагнуулч, пулемётчин Ц.Олзвой тагнуулын хэсгийг ахлан явж, элсэн манхан дотор Японы хоёр машин цэрэг явж байгааг илрүүлэн тосч, нэг машин цэргийг нь устгасан. Улмаар нөгөө машины цэргүүдийг мориор хөөж буудалцсаар тэн хагасыг нь устгаж, машин, зэр зэвсгийг нь олзлон авч байжээ.

Түүний дурсгалын хөшөөг төрсөн нутаг Ховд аймгийн Манхан сумын төвд босгож, цэрэг ба НАХЯ-ны сайдын 1958 оны 42 дугаар тушаалаар түүний суралцаж байсан Цэргийн ерөнхий сургуулийн Ерөнхий цэргийн I курсийн I тасагт Олзвойг “Хүндэт байлдагч”-аар бүртгэж алдрыг нь мөнхжүүлсэн юм.


Монгол Улсын Баатар хилчин Б.Тэгшээгийн хөшөө


1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядод алба хаасан ба цагийн байдал нэн хурцадсан тул олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаа дараа сайн гүйцэтгэж байсан.Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.

1948 онд ахлах дэслэгч Г. Хаянхярваагийн удирдлаганд арвуулаа Бүдүүнхаргайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномёт, хүнд хөнгөн пулемётоор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг  тулалдан алтан амиа алджээ. УБХТ-ийн 1949 оны зургадугаар хурлын тогтоолоор Монгол Улсын баатар цол нэхэн шагнаж, түүний хөшөөг Ховд аймгийн чандмань суманд босгосон байдаг.


Азийн цагаан дагина хөшөө


Ховд аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 95 жилийн ойг угтан Цагдаагийн газрын дарга, удирдлагаас санаачилж аймгийн ИТХ-д санал хүргүүлсэнээр ИТХ-ын 61 дүгээр тогтоол батлагдан, хөшөө дурсгалыг хаягжуулах, хүүхэд багачуудад өв соёлыг хайрлан хамгаалах, түүх дурсгалыг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Ч.Дашзэвэгийн бүтээл болох “Азийн цагаан дагина” хөшөө /Ховд аймгийн Ховд хотод өөрийн эх загвараар 1980 онд босгосон


“Агсал” бүжгийн хөшөө


Ховд аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн урд талбайд торгууд түмний алдарт “Агсал” бүжгийн хөшөө 2014  сүндэрлэн боссон юм. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Батцогт болон хүндэт зочид төлөөлөгчид оролцож торгууд түмний алдарт агсал бүжгийн хөшөөг хүндэтгэн залсан байдаг. Энэхүү агсал бүжгийг дэлхийн урлаг болгосон хүн бол торгуудын алдарт бий бийлээч Магсарын Пүрэвжал агсан юм.

Энэ эрхэм хүмүүний бүтээл агсал бий бийлгээ нь 60 жилийн туршид урлагийн алтан тайзнаа амилсаар иржээ. Монголын язгуур урлагт бүжгийн хаан хэмээгддэг Агсал бүжгийн хөшөөг торгууд нутгийн унаган хүү Б.Үнэнбат санаачилж "Торгон нутаг" клубаас бүтээсэн байна.


“Хан Алтайн дуулал” цогцолбор хөшөө


Алтайн магтаал, туульс зэрэг түүх соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс “Дэлхийн соёлын биет бус өв Монгол туульсад” зориулан “Хан алтайн дуулал” цогцолбор хөшөөг анх 2017 оны наймдугаар сарын 05-нд босгосон юм. 

Хөшөөг Монгол улсын Төрийн соёрхолт Л.Ганхуяг Дархан цаазат амьтдаар төлөөлүүлэн сав шимийн ертөнц, огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрсэн мэт гүн сэтгэгдэл төрүүлэм дүрслэлийг сонгодог урлагийн ерөнхий дэг жаягтай хослуулан үзүүлэхийг зорьсон байна.

                                                                                                                              А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ