Цэцэрлэгт 180 сая төгрөгийн их засвар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-23 16:36:10


Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын алслагдсан нэгдүгээр баг буюу Чандаманийн зургадугаар цэцэрлэгт улсын төсвийн 180 сая төгрөгөөр их засварын ажил хийлээ.

Ингэснээр хүүхдэд ээлтэй сургалтын орчин, багш ажиллагсдын ажиллах таатай нөхцөл боломж бүрдсэн байна. Цахилгааны монтажийг бүрэн шинэчилсэн, вакум цонх суурилуулсан, ариун цэврийн байгууламжийг шинээр тохижуулсан гэх мэт олон ажил хийжээ. Цэцэрлэгийн их засварын ажлыг орон нутгийн “Ундрах бүтээмж компани гүйцэтгэсэн байна.

Нийт 90 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгт Улаангом сумын нэгдүгээр багийн цэцэрлэгийн насны 170 орчим хүүхэд хамрагдаж буй. Улаангом сумын зургадугаар цэцэрлэгийн барилга нь 1991 онд ашиглалтад орсон цагаас хойш хамгийн сүүлд 2010 онд хэсэгчилсэн засварын ажил хийгдэж байсныг эс тооцвол дорвитой засвар шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан.

Өнгөрсөн жилүүдэд өвлийн хүйтэнд цэцэрлэгийн багачууд гадна гарч бие засдаг байсан бол одоо цэцэрлэг дотроо ариун цэврийн байгууламжтай боллоо” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч Э.Алтантуяа хэллээ.

                                                                                                                                   Б.Батхүү 

Холбоотой мэдээ