"Хурандаа нарын өдөр"-өө ёслол төгөлдөр тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-03-02 15:26:12

Өнөөдөр Монголын цэргийн салбарт нэгэн тэмдэглэлт өдөр нэмэгдэж, БХЯ-ны харьяа Офицеруудын ордонд Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсэн өдрийг тохиолдуулан БХ-ын сайдын тушаалаар "Хурандаа нарын өдөр"-тэй болсныг албан ёсоор зарлав.

Энэхүү баярт мэдээг хүлээн авсан монголын зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, хууль, цагдаагийн салбарын 400 гаруй хурандаа цолтнууд нэгэн дээвэр дор цуглав.

Баярын нээлтийг Монгол Улсын домогт баатар Л. Дандарын морьт хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлүүлсэн юм. Цэцэг өргөх ёслолд БХ-ын сайд Ц.Цолмон, төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, ХХЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ч.Сайнтөр, БХЯ-ны газрын дарга, хурандаа Ч.Сайханбаяр, "Монгол хурандаа" нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ч. Баатар болон ОХУ, БНХАУ, Казахстан, Белорусь улсын ЭСЯ-ны атташе нар оролцов.

Мөн үе үеийн хурандаа нар цэцэг өргөх ёслолд эгнээ жагсаалаар оролцсон нь сүрлэг, хийморьтой харагдсан. Нондин жил буюу 2015 оны 11 дүгээр сард "Монгол хурандаа" нийгэмлэг байгуулагдсаныг бид мэдээлж байсан. Тэгвэл уг нийгэмлэг энэ удаа "Хурандаа нарын өдөр" гэсэн бахархалт өдөртэй болж анхны баярын нээлтийг ийнхүү хийж байгаагаараа онцлог байлаа.

Монгол Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр манай улсад анх удаа хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй. Хамгийн анх 1936 онд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага хурандаа цолтонтой болж байсан бол 1950 онд цагдаагийн байгууллага хурандаа цолтонтой болжээ. Дараа нь 1964 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 1971 онд онцгой байдлын байгууллага хурандаатай болсон байна. Өнөөдрийн байдлаар хурандаа цолыг нийтдээ 3600 гаруй хүн хүртжээ.

"Монгол хурандаа" нийгэмлэг анхны санаачлагаа 2005 оны 6 дугаар сарын 2-нд гаргаснаар анхны сууриа тавьж байсан бол 2014 онд илүү нэгдсэн хэлбэрт орж улмаар 2015 оны 11 дүгээр сард анхны зохион байгуулах хурлаа хийж, салбар зөвлөлөө ч бий болгожээ. Одоо нийгэмлэгийн дотор Батлан хамгаалах, зэвсэгт хүчин, онцгой байдлын салбар зөвлөл, Хилийн цэрэг, тагнуулын салбар зөвлөл, хууль сахиулах, цагдаагийн салбар зөвлөл үйл ажиллагаа явуулж байна.

"Монгол хурандаа" нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ч.Баатар "Бид БХ-ын сайдын тушаалаар жил бүрийн 2 дугаар сарын 21-нээс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хурандаагийн өдрөө тэмдэглэх шийдвэр гаргаж, өнөөдөр анхныхаа өдрийг тэмдэглэн нээлтээ хийж байна.

2 дугаар сарын 21-ний өдөр бол хурандаа цол олгох шийдвэр гарсан түүхт өдөр юм. Харин 3 дугаар сарын 2-н бол хурандаа цол анх олгосон түүхэн өдөр юм. Энэ хоёр өдрийг холбогдуулан  "Хурандаагийн өдөр"-тэй боллоо. Манай нийгэмлэгт гурван салбар зөвлөл ажиллаж байгаа. Нэг салбар зөвлөлд 80-200 гаруй хурандаа нэгдсэн. Хамгийн ахмад нь "Зэрлэг хурандаа" нэртэй, 90 гарсан настай Д.Жамсран хурандаа байгаа бол хамгийн залуу нь 30 гаруй насны хурандаа байна.

Хурандаа нарын дундаас Монгол Улсын баатар 6, Хөдөлмөрийн баатар 3, гавьяат цолтон 65, эрдэмтэн, доктор 100 гаруй байгаа нь бахархалтай. Нэг үе хурандаа нар хэт олширч, цолыг хавтгайруулан олгож нэр хүндийг нь унагасан. Тэгвэл сүүлийн үед цэгцэлж, хурандаа цолныхоо нэр хүндийг өндөрт өргөх эрмэлзэлтэй боллоо. Одоо бол хурандаа цолоор бахархах өдөртэй болсон нь сайхан" хэмээн ярив. 

Зэвсэгт хүчин, онцгой байдлын салбар зөвлөлийн дарга, хурандаа Д.Баярхүү, БХ-ын сайд Ц.Цолмонд рапорт өгч баярын хурлыг нээж, танхим дүүрэн хурандаад команд өгч байгаа нь аргагүй л цэргийн дээд цолтны үлгэр дууриалал, сүр хүчийг илтгэж байв.

 Хурандаа нарын дунд Хилийн цэргийн хурандаа Д.Энхбаатар дотно хүний нэгээр ялгарлаа. Учир нь тэрбээр мэргэжлийн харуул хамгаалалтын алба байгуулж өдгөө МОНЦАМЭ агентлагийн харуулын албыг сайтар гүйцэтгэж, Харуул хамгаалалтын албадын улсын үзлэгээр онц дүн үзүүлснийг дуулгууштай. Хилийн цэргийн олон хурандаа энд хуран цуглаж, одон тэмдгээ гялалзуулан байгаа нь бахархууштай. Мөн энэ дундаас эмэгтэй хурандаа олны сонирхлыг эрхгүй татав. Монгол улсад 30 гаруй хурандаа цолтой бүсгүй байдаг аж. Тэдний нэг нь цагдаагийн хурандаа Ц.Алтанцэцэг.

Тэрбээр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дэд дарга, мөрдөн байцаах тасгийн даргаар олон жил ажиллажээ. 2011 онд Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойгоор хурандаа цол зүүсэн байна. Одоо тэтгэвэрт гарсан ч Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж. Мөн хурандаа нарын дунд хөрш айлын маань хурандаа нар ч байв.

Цэргийн төв эмнэлгийн мэс заслын тасгийн дарга болон ахлах эмчээр ажиллаж, Судан зэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож явсан, хурандаа, их эмч Л.Жаргалбадрах, ЦЕГ-ын дэд дарга болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж асан, одоо Хууль сахиулах, цагдаагийн салбар зөвлөлийн дарга, цагдаагийн хурандаа С.Бумнанжид нар минь хурандаа цолоороо гоёж  баярын хуралдаа иржээ. Ийнхүү монгол хурандаа нар анхны баярын өдрөө сэтгэл дүүрэн тэмдэглэж байна. Морьт баатрын хөшөөнд цэцэг өргөн нар зөв тойрцгоосон хурандаа нар Офицерийн ордонд "Хурандаа цол олгосны 80 жилийн ойн баярын хурал"-аа ёслол төгөлдөр хийж, БЦДБЧ-ын концерт үзэж сонирхов. Дараа нь "Монгол хурандаа" үзэсгэлэн үзэж, ажил амьдралынхаа сонин хачныг хуучилж баярлан хөөрцгөөв. Монгол хурандаа нарыг монгол даяар байтугай гадаад ертөнцөд ч мэдэх болжээ. 2015 оны 12 дугаар сарын 21-нд Монгол цэргийн музейд "Монгол хурандаа" үзвэрийн булан нээхэд өнөөдрийг хүртэл 6000 гаруй хүн үзэж сонирхжээ. Тэгвэл цахим хуудсаар нь  2800 гаруй байнгын холбогч, дэмжигч бий болж дэлхийн 16 орноос цахим харилцагчтай болсон байна. Арга ч үгүй, дэлхийн халуун цэгт ажиллаж буй энхийг сахиулагчдын багийг хурандаа цолтнууд л тэргүүлэн явж байна. Ер нь дэлхийн цэрэг армийн салбарт хурандаа нар гол манлайлагч байдаг. Монгол Улсад ч хурандаа нар л манлайлан оройлсоор явна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ