Нийслэлийн 379 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-29 18:39:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд 2018 онд олон ажлын ард гарч чадлаа. Боловсрол, дэд бүтэц, зам гүүр, орчны тохижилтын ажилд эргэлт хийсэн жил байлаа. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, тав тухтай нийслэлийг бүтээхийн төлөө та бүхэнтэй хамтран ажилласан ажлын үр дүн бодитой гарчээ. Ганцхан жишээ дурдахад газрын реформ, шинэчлэлийн хүрээнд орон сууцны хороолол дунд болон сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газар эзэмших, ашиглах захирамжийг цуцлан иргэддээ 16.3 га газрыг буцаан олголоо. Улаанбаатар хотын хөгжилд иргэн таны үг ямагт үнэ цэнэтэй байр суурь эзэлдэг гэдгийг дээрх ажлын бодит үр дүн харуулж байна. Цаашдаа ч бид хамтдаа их хотынхоо хөгжил дэвшлийнхээ төлөө иргэдтэйгээ гар бие сэтгэл нийлэн ажиллах болно” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ