Төрийн алба хаагчдын бүсчилсэн сургалт Мандалговьд болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-02 17:34:24

Дундговь, Төв, Өмнөговь аймгийн бүх сумын ИТХ- ын нарийн бичгийн дарга болон ЗДТГ- ын дарга нарыг хамруулан ЗГХЭГ- аас зохион байгуулж байгаа “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь” сэдэвт сургалт Мандалговь хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Төрийн жинхэнэ албыг орон нутагт хашиж, төрийн үйлчилгээг ард иргэдэд хамгийн ойр хүргэж байгаа алба хаагчиддаа төрийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах арга барилд нь дэм болж, тэдний мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах нь сургалтын зорилго гэдгийг ЗГХЭГ- ийн ахлах реферэнт П.Зоригтбаатар тодотгон хэлсэн юм.

Монгол Улсын Төрийн удирдлага бол төрийн төв байгууллагууд болон нутгийн удирдлагын байгууллагуудаас  бүрдэж нэг цогц болж байдаг. Ялангуяа орон нутгийн ард иргэдэд хамгийн ойр байгаа төрийн байгууллагууд зөв бодлого, менежменттэй байх ёстой. Үүний тулд алба хаагчдыг мэргэшүүлэх тодорхой хугацааны сургалтууд шаардагддаг учраас сургалтыг бүсчлэн зохион байгуулж байгаа гэлээ.

Сургалтыг ХБНГУ-ын Конрад Аденауэрын сангийн санхүүжилтээр ЗГХЭГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Удирдлагын академи хамтран зохион байгуулж байна. Сургалтад 3 аймгийн 70 гаруй сумын 140 алба хаагч хамрагдаж байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ