Саппоро хотын цагтай цамхаг дахин нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-01 17:18:53

ТОКИО. /NHK/. Японы хойд нутгийн Хоккайдо мужийн нийслэл Саппоро хот дахь цагтай цамхгийг сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа сэргээн засварласны дараа үүд хаалгаа дахин нээсэн байна.


Хотын төвд байрладаг уг цамхгийг орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 9 цагт нээсэн даруйд л олон жуулчин цамхаг руу орж, үзэж сонирхжээ.


1878 онд баригдаж дууссан уг цамхаг нь тус улсын соёлын үнэт өвд тооцогддог юм. Энэхүү цамхгийг үзэж сонирхохоор жил тутам 200 мянга орчим жуулчин Саппорог зорин ирдэг бөгөөд энэ оны зургадугаар сард гадна хэсгийг сэргээн засварлах зорилгоор түр хугацаанд хаасан юм.


Хоккайдо арал дээр өнгөрсөн есдүгээр сард хүчтэй газар хөдлөлт болсны улмаас тус арлыг зорих жуулчдын тоо ихээхэн буурсан бөгөөд цаашид цагтай цамхгийг үзэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэнэ хэмээн тус мужийн холбогдох албаны хүмүүс таамаглаж байна. Түүнчлэн энэ оныг дуустал цагтай цамхаг руу үнэгүй нэвтрэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ