Валютын ханшийн өсөлтийг эсэргүүцэн тайван жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-05 14:20:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Хасзаяа, Н.Түвшинбат нарын 4 залуу өнөөдөр Монголбанкны баруун талын гудамжинд жагсав.

Хувиараа бизнес эрхлэгч хэмээн өөрсдийгөө танилцуулсан тэд иргэний хувьд ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлж валютын ханшийн зөрүүнөөс болж иргэд, ААН-үүд хохирч буйг анхааруулж байна гэв. Б.Хасзаяа, "Би гадаад худалдааны компанитай. Өнгөрөгч 9 дүгээр сард багш нар ажил хаялт зарлаж байх үед ханш тогтвортой байсан тул мөнгөө цуглуулж байлаа. Гэтэл долоо хоногийн хугацаанд ханш 10 төгрөгөөр өссөн. 500 мянган юань хятад руу шилжүүлэх гэж байсан би шууд 5 сая төгрөгийн цэвэр алдагдал хүлээсэн. Миний халааснаас 5 сая төгрөг алга болчихсон гэсэн үг. Над шиг хүмүүс олон байгаа байх" гэлээ.


Тэд валютын ханшийн өсөлт, түүнийг бууруулах талаар Төвбанкнаас мэдэгдэл хийж олон нийтэд мэдээлэх ёстой гэж үзэж байсан боловч Монголбанкны зүгээс Төрөөс мөнгөний талаар баримтлах Үндсэн чиглэлийн талаар УИХ-ын чуулган болон Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр мэдээлэл хийж валютын ханшийн өсөлтийг бууруулж барих арга замын талаар танилцуулсан нь олон нийтэд хэвлэл мэдээллээр цацагдсан талаар, мөн валютын ханшийн өсөлтийг бодлогоор зохицуулдаг талаар тодорхой хариулт өгсөнгүй тарав. Энэ дашрамд дурдахад Төрөөс мөнгөний талаар баримтлах 2019 оны Үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж байгаа юм.

Энэ өдөр “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж УИХ-д сануулга хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ гэж байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгдэв.


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр 

 

Холбоотой мэдээ