"Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнгийн сурагчдын шилдэг бүтээлүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-05 16:40:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2018” уран бичлэгийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд нээв.


Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, үндэстнийг сурталчлах хамгийн чухал соёл болох эх бичгээ сурч мэдэх, түгээн дэлгэрүүлэх хандлагыг хүүхэд багачуудад таниулах, дэмжих зорилготой юм.

Тус үзэсгэлэнд Монгол Улсаас 104, Бүгд найрамдах Халимаг улсаас 3, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 16,  нийт 123 сурагчийн 200 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Тэрбээр, “Бидний хойч үе бичиг соёлынхоо уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүтгэл гарган монгол уран бичлэгийн бүтээл туурвих нь жил ирэх тусам өргөжин тэлж байгааг харах, сонсох сайхан байна. Энэ бол монголчууд бидний бахархах, өөгшүүлэн дэмжих, тэтгэх ёстой өв соёл мөн. Монголчууд “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” гэх их зохиолч Д.Нацагдоржийн алдарт шүлгийг уншаад өнгөрөх бус зүрх сэтгэлдээ тээж, үе дамжуулан өвлүүлж байгаагийн нэгэн гэрч нь өнөөдрийн энэ үзэсгэлэн юм. “Монголын нууц товчоо” хөлгөн судар болон “Юань улсын судрын” 124 дүгээр ботид Найман улсын уйгур гаралтай түшмэл Тататунгатай холбогдсон товч мэдээ бий. Тататунга өвөртөлж явсан тамганыхаа учрыг Чингис хаанд тайлбарлахдаа, “…улсын санд аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх, аливаа үйлд хэрэглэж итгэмж болгомуй” хэмээсэн байдаг. Үүнийг монголчуудад бичиг үсэг анхлан заасан мэтээр тайлбарлах явдал ихэд дэлгэрсэн нь ташаа болохыг сүүлийн үеийн түүхчдийн судалгаа харуулж байна. Монгол овог, аймгууд өөр өөрийн бичиг үсэгтэй байсныг Чингис хаан журамлаж, нийт эзэнт гүрэн даяар худам монгол бичгийг хэрэглэх болсон гэж ойлгох ёстойг олон монголч эрдэмтэн илэрхийлдэг. Лавтай 900 жилийн түүхтэй ийм яруу, сайхан бичгээр уран бичлэг туурвиж үндэсний соёлоо дэлгэрүүлж яваа багачуудаараа би өнөөдөр ихэд бахархаж байна. Цаашид Монгол бичгийг орчин цагийн хэрэглээнд идэвхтэй байлгахын тулд 2018 оны 5 дугаар сарын 3-нд гаргасан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай. Ингээд уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байгаа бүх хүүхэд багачууддаа халуун баярыг дахин хүргэе. Мөнх тэнгэр монголын бичиг, соёлыг тэтгэн, ашид үүрд дэлгэрэн дэвжих болтугай” гээд шагналт байр эзэлсэн 10 хүүхдэд өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.


Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг ЕБС-ийн 6-12 дугаар анги буюу ахлах, дунд анги гэсэн ангиллаар шалгаруулсан байна. Ахлах ангийн сурагчдын тэргүүн байрыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Цэнгүүн “Цаасан шувуу”, дэд байрыг Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Энхмаа “Чингис хааны билиг сургаал”, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Зэсмаа “Хөх судар” бүтээлээрээ тус тус эзлэв. Харин тусгай байрт Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Хулан “Морин хуур”, Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Д.Алтанцэцэг “Урам хайрла” бүтээлээрээ шалгарсан юм.

Дунд ангийн сурагчдын тэргүүн байрын эзнээр ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошуу, залуучуудын хөдөлгөөний төвийн сурагч Соргог “Чингисийн 12 донжи-1” бүтээлээрээ шалгарсан бол дэд байрт Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Ж.Номин-Эрдэнийн “Боржигины бор тал”, гуравдугаар байрт Бүгд найрамдах Халимаг улсын 7 дугаар ангийн сурагч И.Мария “Хүн ахтай, дээл захтай” бүтээл тодорлоо. Тусгай байрт Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Ё.Золбоо “Мөнх тэнгэрийн бичиг”, ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошуу, залуучуудын хөдөлгөөний төвийн сурагч Чандмань “Чингисийн арван хоёр донжи-3” бүтээл тус тус шалгарав.


“Цаасан шувуу” бүтээлээрээ шилдгээр шалгарсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Цэнгүүн ярихдаа, “Би монгол бичгээр 3 дахь жилдээ хичээллэж байна. Цаасан шувуу үргэлж дээш тэмүүлж, нарны цацраг шиг байгаасай гэж энэхүү бүтээлээ 10 хоногийн дотор бичсэн. Цаасан шувууны тухай сургаалд хүн ямар байх тухай, ямар байвал зөв хүн болох тухай гардаг учраас сонгосон юм. Монгол бичгээр бичихэд их гоё, өв соёлоо хамгаална гэдэг бахархмаар байдаг. Найзууддаа хандаж хэлэхэд, монгол бичиг цаг хугацаа шаарддаг учир олон жил хөдөлмөрлөж байж үр шим нь гарна. Тиймээс битгий шантраарай” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно.

 

 

 

Холбоотой мэдээ