Сүрьеэ өвчний тархалт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-06 12:49:43


Увс /МОНЦАМЭ/. Оны эхний 10 сарын байдлаар тус аймагт сүрьеэ өвчний 43 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал сүрьеэгийн шинжилгээний сорьц тээвэрлэлтийг хөдөө сумдаас хийдэг болсон нь сүрьеэ өвчний шинэ тохиолдлыг эрт үед нь илрүүлэх боломжтой болжээ.

Увс аймгийн хувьд Глобал сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэ өвчнийг эрт үед нь илрүүлэх зорилгоор сорьц тээвэрлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр сумдын иргэд цаг алдалгүй  сорьцоо тээвэрлүүлж, өвчнөө эрт үед илрүүлэх боломжтой болжээ. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 483 сорьц шинжилгээг Улаанбаатар хот руу тээвэрлэжээ. Энэхүү ажил нь сүүлийн жилүүдэд сүрьеэ өвчний шинэ тохиолдлыг илрүүлэх, тархалтыг зогсооход бодит үр дүнгээ өгч байгаа аж.

“Сүрьеэ өвчний шинжилгээний сорьцийг сумдын Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулснаар эрт үед нь илрүүлэх, халдвар тархалтыг хязгаарлах тал дээр тодорхой ахиц гарсан. Тухайлбал, 2016 онд сүрьеэ өвчний 41 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барсан бол 2017 онд сүрьеэ өвчний 43 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас барсан. Үүнээс харахад сүрьеэ өвчний нас баралтыг бууруулахад сорьц тээвэрлэлийн ажил үр дүнгээ өгч байна. Учир нь сүрьеэ өвчин нь бүрэн эдгэрэх боломжтой. Хамгийн гол нь өвчнөө эрт үед илрүүлж цаг алдалгүй эмчлэх нь чухал байна” хэмээн аймгийн ЭМГ-ын НЭТ-ийн дарга Г.Уугантуяа ярилаа.

Монгол Улсын хувьд сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэгд багтдаг байна. Энэ ч утгаараа хүн амыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг буруулах, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдсээр байна.

 

Холбоотой мэдээ