БНХАУ, ОХУ-тай хамтран “Торгоны зам” тэмээн аялал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-03 14:21:33

Тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 5-7-ны өдөр болох гэж байгаатай холбогдуулан Монголын “Тэмээн поло” спорт уралдаан, аяллын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Хоёр бөхт монгол тэмээг өсгөх, хамгаалах менежмент бүхий Монголын оюуны өмч болсон тэмээн поло тэмцээн тэмээчдийн хүсэн хүлээдэг наадам хэдийн болж чаджээ?

-Жил бүрийн гуравдугаар сарын 5,6-ны өдрүүдэд хурдан тэмээний уралдаан болон тэмээн поло тэмцээнийг 10 гаруй жил зохион байгууллаа. Энэ жил ч уламжлал ёсоороо зохион байгуулах гэж байна. Жил бүр монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна олон улсын томоохон телевиз болох CNN, CCTV, NHK, ОХУ-ын телевизүүдээс “Тэмээн поло” тэмцээнийг сурвалжлах эрхийг хүсдэг. Тэмээн поло тэмцээн дэлхийд танигдсан, жилээс жилд хүрээгээ тэлсэн, өргөжин тэлж байгаа тэмцээн болоод байна. Үүнийг цааш нь хөгжүүлвэл монголынхоо аялал жуулчлалд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй, ялангуяа өвлийн аялал жуулчлалд эргэлт болох юм.

Ер нь монгол тэмээг өсгөх, хамгаалах чиглэлээр бараг 15 жил ажиллажээ. Тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа бид Монголын “Тэмээн поло” спорт уралдаан, аяллын холбоог 2002 онд анх үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулснаасаа хойш манай холбооноос улсын чанартай 30 гаруй тэмцээнийг зохион байгуулсан. Энэ хугацаанд асар их туршлага хуримтлууллаа. Тэмээнд хандах олон нийтийн хандлага эрс өөрчлөгдөн малчдад тэмээ өсгөх сонирхол эрс нэмэгдсэн. Тэмээн поло уралдаан,тэмээн уяач, тэмээн аялалын маршрут гэх мэт олон чиглэлээр эрчимтэй хөгжиж байна.

-Энэ хооронд сэтгэлд тод үлдсэн үйл явдал юу байв?

-2007 онд Сүхбаатарын талбайд 100 тэмээний парад хийснийг дэлхийн олон орны телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирж сурвалжилсан Энэ олон тэмцээн уралдаан дотроос “Тэмээн поло-2008” өвлийн тэмээн аялал нэлээд онцгой. Өмнөговь аймгийн Ханбогд сумаас гараагаа эхлүүлсэн манай аяллынхан өвөл, хаврын цаг агаарын хүнд нөхцөлд гурван аймаг 12 сумын нутгаар дамжин аймаг, сум бүрт тэмээн поло зохион байгуулсан. Нийт 1000 км аялсны эцэст төлөвлөсөн ёсоор бид эртний нийслэл Хархоринд очиж байсан. Тэндээ Тэмээн поло болон хурдан тэмээний уралдааныг зохион байгуулсан маань хоёр бөхт тэмээ өсгөх, үржүүлэх, хамгаалах сонирхол хүмүүст байгааг баталсан. Манай холбооны тэмээ хамгаалах, өсгөх менежментийн цогц бодлого, үр дүн гарч байна.

Мөн Цонжинболдогт зохион байгуулсан 2013 оны өвлийн Тэмээн поло наадам монголд өвлийн  спорт хөгжих боломжийг харуулсан. Энэ мэт арга хэмжээ нь тэмээ өсгөх, ашиглах, тэмцээн уралдаанд оролцох малчдын сонирхлыг улам нэмэгдүүлж байна. Тэмээний уралдаанаар улс, аймгийн алдарт уяачид тодорч, Тэмээн пологийн спортын мастерууд ч олноороо төрлөө. Спортын мастер цолтой 80 гаруй тамирчин одоогоор байна. Баянхонгор аймгийн 1000 тэмээтэй Шийнэн гэгч уяачид анх удаа тэмээн уралдааны “Улсын алдарт уяач” цол олгосон.

-Одоо тэмээний тоо толгой хэдэд хүрээд байна?

-Тус холбоог үүсгэн байгуулж, монгол тэмээг хамгаалах, өсгөх хөдөлгөөн өрнүүлснээс хойшхи 15 жилийн хугацаанд 200.000 болж хорогдсон тэмээ хоёр дахин өсч, 400 орчим мянга болжээ. Дэлхий дээр нэг бөхт тэмээ 20 сая, харин хоёр бөхт монгол тэмээ нэг саяд хүрэхгүй байна.

-Дэлхийн хоёр бөхт тэмээ нэг саяд хүрэхгүй байна гэсэн. Олон улсын хэмжээнд ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Ойрын зорилт гэвэл тэмцээн зохион байгуулах зориулалттай том талбайтай болж, Кувейт, Арабын Эмират зэрэг улстай хамтран тэмээн уралдаан, тойргийн уралдаан зохион байгуулахаар ярилцаж байна. Монгол тэмээний үнэ цэнийг эрс өсгөн өвлийн брэнд Тэмээн поло наадамтай болно. Монгол тэмээгээр сая сая жуулчдыг татна. Зуны ганц наадмаараа ч биш, дэлхийд гайхуулах өвлийн тэмээний наадамтай болохыг зорьж байна. БНХАУ, ОХУ-тай хамтран энэ оны есдүгээр сард Бээжингээс Байгаль нуур хүртэл “Торгоны зам” тэмээн аялал хийж, пологийн тоглолт үзүүлэн монголоо сурталчлах юм.

Б.Туул

Холбоотой мэдээ