Францын шигшээ баг ДАШТ-д шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-11-14 16:50:59

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /RIA Novosti/. Францын шигшээ баг АНУ, Канад, Мексикт болох 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны тоглолтод Украины багийг бут ниргэжээ. 


D хэсгийн тоглолт Парист болж, талбайн эзэд 4:0-ийн харьцаагаар хожсон байна. Францын шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе хоёр гоол оруулсан бол (55, 83 дахь минутад), Майкл Олисе (76) Юго Экитийке (88) нар мөн гоолджээ. Мбаппе шигшээ багийнхаа төлөө зургаа дахь тоглолтдоо дараалан гоол орууллаа.


Францын шигшээ баг 13 оноо авч, хэсгээ тэргүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ баталгаажууллаа. Харин хоёроос дөрөвдүгээр байрыг Исланд (7), Украин (7), Азербайжаны (1) багууд эзэлж байна.


Энэ сарын 16-нд болох сонгон шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолтод Францын баг Азербайжаны багтай талбайд нь тоглох бол украинчууд мөн өдөр Исландын багтай талбайдаа өрсөлдөнө.

Холбоотой мэдээ