Орхон аймагт ходоодны хорт хавдраар нас баралтын тоо сүүлийн гурван жилд буурчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-11-12 11:01:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт 50-аас дээш насны иргэд ходоодны хорт хавдраар өвчлөх нь ихэссэн тул аймгийн ЗДТГ-аас “Эрүүл Эрдэнэт хүн” аяныг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 100 иргэнийг ходоод, улаан хоолойн дуранд үнэ төлбөргүй хамруулах зорилт тавьсанаас өнөөдрийн байдлаар 60 гаруй хүнд үзлэг, шинжилгээ хийгээд байна. Тус аймагт  ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн тоо их байгаа ч сүүлийн гурван жилд нас баралт буурсан гэнэ. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлсэнтэй холбоотой ажээ. Мөн аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эмч”, “Багш,” “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд эмч, багш, ахмадуудыг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулсан нь хорт хавдрыг хожуу илрүүлэх тохиолдол буурсан байна.

“Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд мөн эрсдэлт бүлгийн 1000 хүнийг элэгний эхо үзлэг, оношилгоонд хамруулахаас өнөөдрийн байдлаар  600 гаруй хүн хамрагдаад байна. Үүний үр дүнд элэгний вирустай иргэдийн мэдээллийн сан бүрдэж,  элэгний хорт хавдартай 6 иргэнийг илрүүлж эмчилж байна.

Харин уушгиний  сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх зорилгоор,  амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 500 иргэнийг цээжний рентгэн зураг авахуулах үзлэгт хамруулахаас 200 гаруйг нь үзэж, оношилжээ. Үүний үр дүнд  сүрьеэгийн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй тохиолдлуудыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулсан байна. Мөн бэлгийн замаар дамжиж халдварлах нь нэмэгдэж байгаа тул өсвөр үе, залуучуудад бэлгийн замаар дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулж байгаа юм.

“Эрүүл Эрдэнэт хүн” аян Орхон аймагт зонхилж буй элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар, уушгиний сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнүүдийг бууруулахад чиглэжээ.


Холбоотой мэдээ