Сайнцагаан сум малчиддаа өвс, тэжээл зээлээр өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-04 11:16:29

Дундговь аймгийн Сайнцагаан сум аюулгүйн нөөц дэхь өвс тэжээлийг малчиддаа зээлээр өгөхөөр болсон байна. Тус сум өнгөрсөн намар 70 гаруй тонн өвс, 20 гаруй тонн тэжээл татан нөөцөлсөн бөгөөд үүнийхээ 50 тонн өвс, 6 тонн тэжээлийг малчиддаа зээлээр өгөх ажээ.

Нийт нутгаар цас ханзраагүй, мал аж ахуйн хаваржилт хүндхэн, мал олноор хээл хаяж, хорогдож байгаа бөгөөд малчдад малын өвс тэжээл ихээр шаардагдаж байгаа юм. Зарим малчин мал төллөхөөс урьтан цасны нимгэнийг бараадан нүүе гэсэн ч хонь хээлээ даахгүй байгааг хэлж байна.

Малаа олноор тэжээж байгаа, бүр 300 мал тэжээж байгаа өрх ч байгаа тул малчдад өвс тэжээлийн тусламж тун хэрэгцээтэй байгааг сумын Засаг дарга онцолж, нөөц дэхь өвс тэжээлээ ийнхүү зээлээр өгөхөөр болжээ.

Гэхдээ өвс тэжээлийг малчин өрх бүрт өгөх биш тун хүнд нөхцөлд хаваржиж байгаа өрхүүддээ зохих тоогоор өгөх юм байна. Малчид сумын нөөцөөс авсан өвс, тэжээлийнхээ үнийг  хавар ямааны ноолуур гарах үед төлөхөөр баг, сумын Засаг даргатай гэрээ байгуулах ажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ