Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн ОБГ-ын хоёр алба хаагчийг хүлээн авч уулзав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-11-14 16:17:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас 2017-2018 онд Бүгд найрамдах өмнөд Судан улсад Олон улсын энхийг сахиулах ажиллагааны мото буудлагын 7 дугаар ээлжинд гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч П.Мэндсайхан, аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Нямжаргал нар нэг жилийн хугацаанд цэргийн үүрэг гүйцэтгээд ирсэн байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тэднийг хүлээж авч уулзан, ажилд нь амжилт хүслээ.


Тэд Өмнөд Судан улсын цаг үеийн нөхцөл байдалд тохируулан, цаг агаарын +45/+60 хэмийн халуунд дасан зохицож, 130,000 гаруй дүрвэгсдийн энхийн төлөө бусад олон улсын алба хаагчидтай мөр зэрэгцэн ажилласан байна. Монгол Улсаас Онцгой байдлын албанаас нийт 23 алба хаагч олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.


Архангай аймгийн ОБГ-аас 2012 оноос хойш тасралтгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа ба наймдугаар ээлж буюу 2018-2019 оны энхийг сахиулах ажиллагаанд аймгийн ОБГ-ын эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлагч Н.Жамъяндорж явсан байна. 

Дашрамд дурдахад, Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд аймгийн Цэргийн штабаас гурав, Цагдаагийн газраас хоёр, ОБГ-аас 12, ШШГА-наас хоёр гээд нийт 17 алба хаагч оролцсон байдаг байна.  


Холбоотой мэдээ