БНХАУ-Шинэ Зеланд чөлөөт худалдааны хэлэлцээрээ боловсронгуй болгохоор тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-15 10:28:47

СИНГАПУР. /Xinhua/. Лхагва гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянь болон Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нар хоёр талын уулзалт хийж, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг цаашид улам боловсронгуй болгохоор тохиролцов.


Тус хоёр улс 2008 онд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байсан нь Хятад улсын хувьд хөгжингүй оронтой байгуулсан энэ төрлийн анхны хэлэлцээр байсан юм.


“Манай улс Шинэ Зеланд улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ цаашид хөгжүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх хүсэлтэй байна” гэж Л.Көцянь тэмдэглэжээ.


“Чөлөөт худалдааны хэлэлцээрийг боловсронгуй болгосноор Шинэ Зеланд болон Хятад улс нь дэлхийн бусад орнуудад хоёр улс чөлөөт худалдааг эрхэмлэсэн нээлттэй зах зээлийг бий болгож чаддагийн жишээ болох юм” гэж Ж.Ардерн онцлон тэмдэглэсэн байна.


Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын хэлснээр, олон улсын улс төр болон эдийн засгийн асуудлуудтай тулгарч байгаа хэдий ч манай улс бусад бүх талуудтай Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.


Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг АСЕАН-ы 10 гишүүн орон болон тус холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан зургаан орны (БНХАУ, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг) хооронд байгуулахыг санал болгож байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын 45 хувийг хамрах бөгөөд дэлхийн хамгийн том худалдааны нэгдэл болох ажээ. 

Холбоотой мэдээ