АНУ-ын хамгийн аюултай муж улсуудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-15 11:24:15

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын хамгийн аюултай муж улсаар тус улсын хамгийн хүн ам багатай Аляска муж улсыг нэрлэсэн тухай “Америкийн дуу хоолой” мэдээлэв.


Аляска муж улсад хүчингийн хэрэг болон хүчирхийллийн төрлийн гэмт хэргийн түвшин хамгийн өндөр гарсан бөгөөд 2017 онд 100 мянган хүн тутамд хүчингийн 117 хэрэг, хүчирхийллийн төрлийн 575 хэрэг гарсан байна. Мөн 2017 онд гарсан хүн амины хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсжээ.


Жагсаалтын хоёрдугаарт Нью-Мексико муж бичигдсэн бөгөөд 100 мянган хүн тутамд 787 хэрэг гарсан байна. Эдгээрийн араас хамгийн аюултай муж улсын жагсаалтын эхний тавд Теннесси, Луизиана болон Невада муж улс багтжээ.


Энэхүү жагсаалтыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам болон Статистикийн хорооны мэдээллүүдээс үндэслэн “24/7 Wall Street” цахим хуудсанд нийтэлсэн байна.


Нөгөө талаас АНУ-ын хамгийн аюулгүй муж улсаар Мэн шалгарсан бөгөөд 100 мянган хүн тутамд ногдох гэмт хэргийн тоо 121 байсан аж. Үүний араас Вермонт, Нью-Гэмпшир, Виржиния болон Кентукки муж улс жагсжээ.

Холбоотой мэдээ