Хилийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 12:15:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

УИХ-ын 2017 оны 12 дугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сард Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсан. Уг хуулийг хөдөө аж ахуйн салбарын хуулиудтай нийцүүлэх, давхардал, хийдлийг арилгах зорилгоор Засгийн газраас Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүнхэмээн өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжив.

Энэ үеэр Б.Энх-Амгалан гишүүн генетик зэрэг гадаад үгийг хуульд ашиглах шаардлага байгаа эсэхийг тодрууллаа.

Генетик хэмээх үгийн талаар монголчууд сайн мэдлэгтэй бөгөөд малын гаралтай бүтээгдэхүүн экспортод гаргах үед гадаад улс орнуудтай хамтран ажиллах, харилцан ойлголцоход хялбар байх зорилгоор энэхүү үгийг ашиглаж байгааг ажлын хэсэг тайлбарлав.

Ийнхүү хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь дэмжиж, баталлаа.

Холбоотой мэдээ