Багахангай дүүрэгт 40 ортой эмнэлэг ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-15 17:50:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЭМГ-ын харьяа Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ  байртай боллоо.


Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Нийслэл хотоос 90 км алслагдсан зайд орших тус эрүүл мэндийн төвийн барилга  нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноос гадна зөвхөн Багахангай дүүргийн иргэд төдийгүй отрын малчид, зэргэлдээ сумдын хүн амд эрүүл мэндийн болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдгээс орны хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байсан.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн төсвөөс 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, 2017 оны есдүгээр сард тус төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэн өнөөдөр ашиглалтад өгч байна. Шинэ эмнэлгийн барилгын нийт талбай 2392,6 м2 бөгөөд Дотрын тасаг, Хүүхдийн тасаг, Төрөх тасаг, Уламжлалт эмчилгээний тасаг бүхий нийт 40 ортой эмнэлэг болон өргөжжээ.
Эрүүл мэндийн яамнаас Рентген аппарат, эмнэлгийн машин зэрэг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн төсвөөр физик эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, биохимийн аппарат, эмнэлгийн ор зэргийг шийдэж өгчээ. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ.

Дашрамд дуулгахад, 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулсан ба Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэн ирэх 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн нийслэлээс эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 10 эмнэлгийн гадна зам, талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн юм

Холбоотой мэдээ