Багануур дүүргийнхэн их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-11-17 14:44:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн 112 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан дүүргийн Төр захиргааны байгууллагын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолд ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, Захирагчийн ажлын албаны дарга Д.Дэмчигжав болон байгууллагуудын дарга удирдлагууд, зохиолчид оролцов. Мөн ойн хүрээнд "Гүн галуутайн цом-2018" өсвөрийн яруу найрагчдын наадмыг зохион байгуулсан юм. Дашдоржийн Нацагдорж нь 1906 оны 11 дүгээр сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутайд төржээ.

1921 оны хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд улам идэвхтэй байж, 1924 онд 18 настайдаа Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтад оролцжээ. ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай танилцсан төдийгүй өөрийн түүхээ ч сайн мэддэг тухайн цагийнхаа шилдэг сэхээтний нэг, төр нийгмийн зүтгэлтэн байлаа. Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгээрээ алдаршжээ. Мөн оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт зохиолыг орос, герман хэлнээс уйгагүй орчуулж улс эх орны соёл гэгээрэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн юм.


Холбоотой мэдээ