Гадаад дахь Монгол оюутнуудын талаар нарийн судалгаа хийх шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-19 08:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ОХУ (ЗХУ)-ын их, дээд сургуулиудыг төгссөн олон мянган Монгол хүн, ялангуяа ахмад үеийнхний гавьяа зүтгэлийг үнэлж баршгүй. Тухайлбал, 40 гаруй жил Монголыг удирдсан төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал эхлээд Монголын удирдах албаны олон хүн, түүний дотор 11 Сангийн сайд төгсөн гарсан байдаг. Энэ бол хоёр орны түүхэн хамтын ажиллагааны үр дүн юм гэж Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо (МАВСУЗ)-ны 45 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлагын үеэр ОХУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Е.И.Лиштованный тэмдэглэн хэлсэн юм.

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулсан уулзалтанд ОХУ/ЗХУ-д их, дээд сургууль төгссөн үе үеийнхний төлөөлөл 60 гаруй хүн оролцож, ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд хийсэн судалгааны дүнг сонсон хэлэлцсэн юм. Монголоос ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаагийн танилцуулсан ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлын судалгаанд магистрын сертификат авсан 1350 хүн хамрагджээ. Тэдний 250 нь л тухайн үедээ ажилгүй байсан нь эн түрүүнд Англи хэлний мэдлэг хангалтгүй, 2-рт, таарч тохирох ажил ховор, 3-рт, анх сурахаар явахдаа мэргэжлээ буруу сонгосны улмаас сурсан чиглэлээрээ ажиллаагүй хүмүүс аж. Төгсөгчдийн дунд хуульч, түүхч, эдийн засагч, улс төрч, нийгэм судлаач, сэтгүүлч мэргэжилтэн илүүдэлтэй байгаа бөгөөд магистрын сертификат авсан хүмүүсийн хувьд ажилд орох боломж нь илүү байгааг тэмдэглэж байв.

Сүүлийн 10 жилийн байдлаар инженер-техник, нанотехнологи, хими-технологи, бага ангийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн багш, ХАА-н мэргэжилтэн, эмч, малын эмч зэрэг 14 төрлийн ажил мэргэжил хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа ч эдгээр чиглэлээр, тэр тусмаа малын эмчийн мэргэжлээр нэг ч хүүхэд Орост сурахгүй байгаа талаар Д.Цогзолмаа ярилаа. Түүнчлэн энэ оны 4-р сарын 15-наас 11-р сарын 2 хүртэлх хугацаанд Орос, ЗХУ-д сургууль төгссөн 310 гаруй хүнээс онлайн судалгаа авахад 19 хүн ажилгүй, 21 хүн мэргэжлээрээ бус хувиараа ажил эрхэлдэг, өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдагсдын 6.5 хувь нь ажилгүй байгаа гэсэн үзүүлэлт гарчээ. Сонирхолтой нь, хамгийн эрэлт хэрэгцээтэй уул уурхайнхан, металлурги, мах, махан бүтээгдэхүүний технологийн чиглэлээр төгссөн хүмүүс, цөөхөн хуульч, эдийн засагч ажилгүй байгаагаа мэдүүлж, Орос хэлтэй хүн хийж болох мэргэжлийн ажлаа олоход нь туслахыг хүссэн байна.

ОХУ/ЗХУ-д сургууль төгссөн залуу үеийнхний төлөөлөл Н.Түвшинтөр төгсөгчид яагаад ажилгүй байгаа талаар ярихдаа, “Энэ түрүүнд тогтвор суурьшилтай ажиллах хүн ховор байдаг, залуус цалин мөнгөө голдог, төгсөгчдийн ихэнх нь хувийн хэвшил бус төрийн албанд ажиллах сонирхолтойг дурдаад боловсон хүчний эрэлт хэрэгцээ, өндөр цалинтай улсын байгуулллагад ажиллах хүсэл сонирхол хоёрыг уялдуулан шийдвэрлэх шаардлагатай байгаа”-г тэмдэглэсэн юм.


Дугуй ширээний ярилцлагын үеэр ОХУ-ын ЭСЯ-ны Соёлын атташе О.В.Шалимова, Россотрудничество агентлагийн байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн Татьяна Чагдуровна, Россотрудничество-гийн Байнгын төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга А.А.Крохалев нар Монголын залуучууд ОХУ-д суралцах боломж, Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд учирч буй саад бэрхшээлтэй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх талаар санал бодлоо солилцов. 1987 онд Москвад сургууль төгссөн, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд боловсрол, оюутны асуудал хариуцан ажиллаж байсан

Ц.Сайнсанаа ярихдаа, “Дэлхий даяар боловсролын экспорт эрчимтэй өсөж байгаа өнөө үед манай БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар зэрэг холбогдох байгууллагуудад хилийн чанадад суралцахаар явсан хүүхдүүдийн талаар нарийн судалгаа байдаггүй, ОХУ дахь ЭСЯ-нд тухайн үедээ оюутны асуудлыг бүхэл бүтэн алба, хэлтэс хариуцан ажиллаж байсан бол одоо ганц хүн л энэ асуудлыг хариуцаж байгаа нь учир дутагдалтай байна гэсэн юм.


Сүүлийн жилүүдэд ОХУ-д сурах сонирхол харьцангуй нэмэгдэж байгаа ч эмч, инженер зэрэг нарийн мэргэжлээр хүүхдүүд сурч чадахгүй байгаа нь орос хэлний мэдлэгтэй нь холбоотой гэж Орост төгсөгчид үзэж байв. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар явсан 500 хүүхдээс 100-гаад нь буцаж ирсэн нь ихэвчлэн орос хэлний мэдлэг хомс, сурах арга барилаа олж чадаагүй, хүний нутагт өөрийгөө авч явах чадваргүйн улмаас сургуулиасаа хасагджээ. Оросын Шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ)-ийн дэргэдэх Орос хэлний төвийн 19 салбар орон нутагт Орос хэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажиллаж байгаа ч багагүй бэрхшээл байгааг багш нар ярьж байна. Тухайлбал, нийслэлийн 33-р сургуулийн багш Н.Марат “Орос хэлний хичээл Англи хэлтэй ижил түвшинд, 12-р анги төгстөл орох ёстой ч Орос хэл 7, 8-р ангид долоо хоногтоо 2 цаг, 9-р ангид 3-хан цаг ордог, мөн Англи хэлний хичээлийг 5-р ангиас, Орос хэлний хичээлийг 7-р ангиас зааж байна. Орос хэлний хичээлийн хөтөлбөр хангалтгүй, сурах бичиг ховор болсон, хичээл заах багш нар байхгүйгээс энэ асуудал 2-3 жил хэрэгжихгүй байгаа”-г ярьсан юм.

Ярилцлагад оролцогчид хэлэлцсэн асуудлаар БСШУСЯ-нд мэдээлэл хийх, ОХУ-д сурах хүүхдүүдэд сонгосон мэргэжлээрээ амжилттай сурч, ажиллахад нь туслах зөвлөмж гаргах, ОХУ-тай хамтардаг үйлдвэр, компаниудад хандан хамтран ажиллах чиглэлээр албан бичиг илгээхээр тогтлоо.

 

 

Холбоотой мэдээ