Сум дамжсан хулгайчдыг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-19 18:40:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн сумдад хулгай хийж байсан хэсэг залуусыг тус аймгийн Цагдаагийн газрынхан саяхан баривчилжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт хүргэх хөтөлбөрийг тус аймгийн хууль сахиулах байгууллагаас хэрэгжүүлж буй бөгөөд энэ ажлын хүрээнд аймгийн цагдаагийн байгууллагаас сумдаар явж байхдаа нэлээд олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг илрүүлээд байна. Тодруулбал, Хулд сумын харьяат А, О нарын эрхэлсэн ажилгүй, ерөнхий боловсролын сургууль төгсөөд удаагүй хоёр залуу хамтран сумынхаа болон хил залгаа Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын малчдын гэрээс хөөрөг, мөнгөн аяга, сувдан сам, даруулга, мотоциклын сэлбэг, цахилгаан мотор, бензин, дуран, DDish сансрын олон сувгийн хүлээн авагч, нарны цахилгаан үүсгүүр, “Жи-Мобайл”-ын суурин утас, худгаас ус соруулах шахуурга, бэлэн мөнгө зэргийг хулгайлсан байна. Тэд өөрсдийн мотоциклоор хил залгаа сумдаасаа хулгай хийснээ хүлээсэн бөгөөд зарим үйлдлийг нь малчид цагдаад мэдэгдээгүй байсан байна.

Холбоотой мэдээ