Илья Сумароков: Алтанбулагт махны хамтарсан үйлдвэр байгуулахад хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-21 16:15:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад жил бүр болдог ОХУ-ын ХАА, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний “Азийн хаалга-2018” (Ворота в Азию) үзэсгэлэн хоёр дахь өдрөө бизнес уулзалтаар үргэлжилж манай улсад ирээд буй Эрхүү мужийн ХАА-н сайд Илья Сумароков оролцож байна.

Түүнээс хоёр орны хамтын ажиллагааны талаар тодруулахад, “Энэ удаа Монголын талын урилгаар хүрэлцэн ирж “Азийн хаалга-2018 арга хэмжээнд оролцож байна. Эрхүү мужийн 4 бүсийн захирагч, томоохон үйлдвэрлэгчид болон шинжлэх ухаан, мал эмнэлэг, урлаг соёлын төлөөлөл Монголд ирээд байна. Бидэнд монголчуудтай хамтран ажиллахад сайхан байдаг. Монгол Улс манай стратегийн түнш, хуучин найрсаг харилцаатай орон. Бид Монголтой 30 сая ам.долларын худалдаа хийгээд байна. Эрхүү мужийн экспортын 68 хувь танай улсад оногдож байдаг” гэв.

Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар асуухад, “Юуны өмнө талуудын нэгдсэн сонирхолыг харгалзах учиртай.Мэдээж худалдааны эргэлтийг нэмэгдүүлж төрлийг олшруулах сонирхол, мөн шинэ техник, технологийг хөгжүүлэх, цэвэр бүтээгдэхүүний нийлүүлэлт биднийг нэгтгэдэг. Аль ч талаасаа Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсэд мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилго бий. Бүрэн болон хагас боловсруулалт хийвэл аль аль талдаа экспорт-импорт дээр хөнгөлөлттэй байх боломж гарна. Энэ дээр хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” гэв.

Хамтын ажиллагаа, худалдаанд хил, гаалийн өндөр татвар, зам харилцааны тариф нөлөөлж буйг тэрээр “Үүнийг үгүйсгэхгүй. Манай муж үр тариа, буудайн ургацаар Сибирьт тэргүүлдэг, Монголд нийлүүлэх сонирхол их бий.

Танайд мал аж ахуйн үйлдвэрлэл, сүү боловсруулалт сайн хөгжиж буй тул тэжээл нийлүүлэлт нэмэгдэх боломжтой. Монголын талаас Эрхүү муж руу экспорт нэмэгдэж, “АПУ” компани бүтээгдэхүүнээ хэдийнэ нийлүүлээд эхэлсэн.

Махны экспортын хувьд 2016 онтой харьцуулахад 200 тонн болж, нэмэгдсэн. Энд адууны махны экспорт зонхилж, харин хонины махан дээр хорио цээрийн асуудал бий. Монголоос мах авч боловсруулж буй Ангарскийн мах боловсруулах үйлдвэр байна. Өөр үйлдвэрүүдэд ийм сонирхол байгаа. Манай талаас мөөг боловсруулж нийлүүлэх, Осинскийн районыхан арьс шир боловсруулах сонирхолоо илэрхийлээд байна. Нөгөө талаар бидний хувьд Монгол орон Ази руу гарах хаалга болж байгаа” гэв.

Б.Болд

 

Холбоотой мэдээ