Барьцаалагдсан сурагчдыг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЯУНДЕ. /Xinhua/. Камеруны баруун
өмнөд нутгийн Кумба суурин дахь хувийн сургуулиас барьцаалсан есөн сурагч болон
нэг багш суллагдсан тухай орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч “Синьхуа”
агентлагт мэдээлжээ.
Суурингийн оршин суугчид 15 орчим сурагч, нэг багш барьцаалагдсан гэж
мэдээлсэн боловч энэхүү мэдээллийг худал байсныг тогтоосон байна.
“Сурагчид бүгд суллагдсан. Багш шархадсан хэдий ч мөн суллагдсан. Тэд бүгд
гэр бүлийнхэнтэйгээ уулзаад байна. Хүүхдүүдийг барьцаалсан этгээдүүд
зэвсэглэсэн салан тусгаарлагчид байсан” гэж цагдаагийн газрын төлөөлөгч Нтоу
Ндун мэдээлжээ. Засгийн газрын хүчний явуулсан ажиллагааны үеэр дөрвөн салан
тусгаарлагч амь үрэгдсэн гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Энэ сард Камеруны Англи хэлээр ярьдаг бүс нутагт бага насны хүүхдүүдийг
барьцаалсан хэрэг хоёр удаа гарсны нэг нь энэ бөгөөд салан тусгаарлагчид тус
бүс нутаг дахь сургуулиудыг хаахыг шаарддаг ажээ.
11 дүгээр сарын эхээр Баруун хойд бүс нутгийн бага сургуулийн 79 сурагчийг барьцаалсан хэрэгт Засгийн газрын хүчин мөн салан тусгаарлагчдыг буруутгаж байгаа юм. Хүүхдүүдийг хэд хоногийн дараа суллан явуулсан бөгөөд салан тусгаарлагчид өөрсдийгөө олон улсад таниулахын тулд ийм төрлийн хэргийг үйлдэх болсон байна.
Өнгөрсөн оны 11
дүгээр сараас хойш Камеруны Засгийн газрын хүчин болон “Амбазониа” гэдэг
нэртэй улс байгуулахыг хүсдэг зэвсэглэсэн
салан тусгаарлагчдын хооронд мөргөлдөөн өрнөсөөр байгаа юм.