Нийслэлд утааны гурван голомтод 198 мянга 337 өрх нүүрс түлж байна

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2018-12-11 16:31:03

Улаанбаатар хотын утааны тухай бичээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дэвшүүлээгүй санаа гэж байхгүй болов бололтой. Утаа өтгөрөх тусмаа ярианы гол сэдэв болсоор ирлээ. Одоо ч тэр байдал хэвээрээ байгаа аж. Чингэлтэй дүүргийн 13 дүгээр хороо (таван буудал)-нд насаараа амьдарсан 56 настай Бат-Эрдэнэ “манай энд 1992 оноос утаатай болж эхлсэн юм. Гэхдээ одоогийнх шиг байгаагүй. Зөвхөн яндангийн утаа салхинд цохигдаж доошоо буух үед илүү үнэртдэг байсан даа. Харин өнөөдөр бол мөнхийн өмхий үнэртэй утаатай боллоо. Бид ч яах вэ, дараагийн хүмүүс, хүүхэд, залуусын эрүүл мэнд хайран байх  байх даа” гэж хэлээд цаашаа яваад өгөв. Уг нь би тэр хүнтэй утааны талаар сайн ярилцаад авах бодолтой байсан  юм. Гэвч тэр хүн энэ сэдвийг хөндхөөс төвөгшөөв. Аргагүй шүү дээ. Иргэдийн дуу хоолой төрд хүрэх биш гэж тэр бодсон биз.


Үнэхээр тэр үед сүр сүр зүйл ярьдаг хүмүүс олон байв. Нийслэлийн утааг Баянзүрх, Богд уулын орой дээр утаа сорогч төхөөрөмж суурилуулаад цэвэрлэх тухай маш их ярьж байсан билээ. Гэвч ийм зүйл болсонгүй. Гэхдээ төр засгаас утааны талаар арга хэмжээ аваагүй биш авсан байдаг. Гацхүү үр дүн гараагүйд хэрэгийн учир байгаа гэж хэлэх хүн олон байна. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж бүгдийг нь утааг арилгах үйл ажиллагаанд дайчилсан байдаг. Түүнд зарцуулсан мөнгө дүн өндөр гардаг. Харамсалтай нь утаа арилаагүй, жил бүр нэмэгдэж байгаа гэж утаатай тэмцдэг ТББ-ууд зарладаг.


БОАЖ сайд Н. Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нар 2018 онй 07 дугаар сарын 16-ны А/226- А/619 тоот хамтарсан захирамжаар нийслэлийн агаарын чанар (утааг арилгах)-ыг сайжруулах голомтыг шинэчлэн тогтоожээ. Утааны нэгдүгээр голомт, Сонгинохайрхан дүүргийн 2,3,4,5,6,7,8,9,10,11,19,23,24, 25,26,27,28,30,31, Баянзүрх дүүргийн 2,4,5,9,17,19,20,21,22,24,27, Чингэлтэй дүүргийн 7,8, 9,10,11,12,13, 14,15, 16,17,18,19, Сүхбаатар дүүргийн 9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20, гэсэн 55 хорооны 130 мянга 706 өрхийг хамруулжээ. Харин хоёрдугаар голомтод, Сонгинохайрхан дүүргийн 1,20,21,22,32, Баянзүрх дүүргийн 8,10,11,12,13,14,16,23,28, Баянгол дүүргийн 9,10,11,20,21,22,23, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16 гэсэн 33 хорооны 65 мянга 976 айл өрх гэж тооцсон аж. Тэгвэл гуравдугаар голомтод, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 1655 өрх байгаа аж. Одоогоор  нийслэлд нийт 198 мянга 337 өрх нүүрс түлж  гурван голомтод утаа “үйлдвэрлэж” байгаа юм байна. Утааны голомтыг дугаарлан тогтоохдоо 2015-2017 оны хооронд  өвлийн улиралд агаарын бохирдолыг хэмжихээр Баянхошуу, Толгойт МҮОНРТ, Зуун айл, Баруун дөрвөн замд  байрлуулсан автомат суурин харуулуудын ажиглалтын 50 хувьд утаа стантаартаас давсан байжээ. Мөн агаар дахь хүхрийн давхар исэл нэгдүгээр голомтод 10-30 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн гэнэ. Ийм байдал мөн утааны хоёр, гуравдугаар дугаар голомтод 2,5-8 дахин их гэж тэмдэглэгдсэн байжээ. Түүнийг үндсэлэн утааны голомтыг шинэчлэн тогтоосон талаар захирамжид дурьдсан байна.


Хамтарсан захирамжийн хоёрдугаар хавсралтаар утааны гурван голомтод мөрдөх журам баталсан юм билээ. Тус журмаар бол утааны голомт дахь айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагч төхөөрөмжөөр халаах техникийн нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ арга хэмжээний хүрээнд амьдарлын баталгаажих түвшинээс доогуур орлоготой зорилтод бүлгийн айл өрхийг боловсруулсан түлш, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагч төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн нар, салхи, газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж болон ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан био түлшний хэрэглээг дэмжих гэх мэт амьдралд хэрэгждэг бол тус болох олон заалт оржээ. Дэмжиж тэтгэх зүйл заалтаас гадна хориглосон, зүйл заалтууд энэ журамд бас байна. Тухайлбал “ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн зууханд хаягдал дугуй, ажилласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт зүйлс шатаахыг хориглоно” гэж цагаан дээр хараар бичсэн байна.


Бүх нийтээр дагаж мөрдөх журам тул ажил хариуцсан бүх шатны төрийн байгууллага хэрэгжилтэд нь хяналт тавиж байгаа гэж найдъяа. Утааны  гурван том голомтод нийлээд дөрөв дэх утааны голомтыг бий болгосон аж. Тэнд утаа ”үйлдэрлэдэг”-гүй нийслэлийн төвийн зургаан дүүргийн 49 хорооны иргэд дам нөлөөгөөр үүссэн дөрөв дэх утааны голомтод амьдрах болжээ. Ийм өргөн хүрээ хамарч байгаа болохоор Улаанбаатарын утааг гамшигийн хэмжээнд хүрсэн гэж үздэг байна. Гэхдээ манай төрийн байгууллага, албан тушаалтнуудад гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд анхаардаггүй сул тал бий. Энэ байр сууринаас авч үзвэл тэр журам мартагдсан байх магадлалтай. Ингэж хэлдэгийн учир бол утаа урьдын адил өтгөн, үнэртэй хэвээрээ байгаа.


Ер нь өнгөрснөөсөө сургамж авах үүднээс хандвал гэр хорооллын утааг дангаар нь арилгах боломж тун бага, боломж их муу юм. Нийслэлийн нийт өрхийн 60 орчим хувь нь амьдардаг гэр хороололд утаанаас гадна  хөрс, усны  гээд орчныг бохирдуулдаг олон зүйл бий.  Тэр бүхнийг иж бүрнээр нь арилгах арга хэмжээ авсны эцэст  утаа арилна. Гэр хороооллоос урган гарч ирж байгаа эдгээр асуулт ганцхан хариулттай. Тэр бол орон сууцтай болгох гэдгийг дээр дооргүй бүгд хэлдэг. Гэвч утаа “үйлдвэрлэгч” нийслэлийн 198 мянга 337 өрхийг орон сууцтай болгох нь ажил эхлээгүй байгаа гэж хэлж болно.


Харин тэднийг газар дээр нь хэрхэн тохижуулах талаар мэргэжилтнүүдийн байр суурь харилцан адилгүй байна. Гэр хороололд инженерийн дэд бүтцээ бие дааж шийдсэн айлууд бий. Тэр бол бас л орон сууцнаас дутахааргүй хэмжээний зардал гардаг гэнэ. Тэр зардлыг гаргах болоход иргэдийн орлого хүрдэггүй аж. Харин утааны голомт дахь өрхүүд нийлж дэд бүтцээ шийдвэл өртөг хямд тусах боломжтой аж. Инженерийн дэд бүтцийг нь өөр дээр нь шийдвэл, төвлөрсөн дэд бүтцийн шийдлээс бага зардал гарна гэж гадны зөвлөхүүд зөвлөдөг гэнэ.  Дэд бүтцийг нь ингэж шийдсэн нөхцөлд түүнийг дагасан иж бүрэн үйлчилгээ бий болох учйртай. Үйлчилгээ өөрөө ашигтай байхын тулд тэндээс гарч байгаа элдэв хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барьж байгуулдаг юм байна. Тэдгээр үйлчилгээ, үйлдвэрлэл нь тухайн орчны иргэдийн ажлын байр болдог өөрийн онцлогтой гэнэ.


Улаанбаатарын хувьд гэр хорооллын иргэдийн хувийн орон сууцны дэд бүтцийг өөр дээр нь шийдэх, түүнийг дагасан иж бүрэн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдээгүй байна. Ийм нөхцөл бүрдүүлэхийн тулд бохирыг нь өөр дээр нь шийднэ гэж үзвэл хаягдлыг нь хамдаг үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж хэрэгтэй болно. Аж ахуйн нэгжийн хамсан хягдалыг гааз, бордоо болгодог үйлдвэр  шаардлагатай болох аж. Ийм байдлаар энэ хүндэрлийг шийдвэл цаг хожих, эрүүл орчинд иргэд амьдрах боломжтой болох талаар саяхнаас хүмүүс ярих боллоо. Гэхдээ дулааны алдагдалгүй хувийн орон сууцны стандаарт гаргаж, түүнд тохирсон барилгын материалыг хямд өртгөөр  айл өрхөд нийлүүлэх бүтэц бий болгох шаардлагатай гэнэ. Ийм жишээг япон улс өргөн хэргэлдэг юм байна. Энэ аргыг гэр хороололд  хэрэглэбэл утаа арилна, иргэдийн амьдарлын чанар дээшлэх сайн талтай юм биш үү?   Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ