“Apple” компани бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-27 16:07:30

САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. Шинээр хавсралт хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихээр болсон тухай “Apple” компани албан ёсны цахим хуудсаараа дамжуулан даваа гарагт мэдээлэв.


Уг хөтөлбөр нь хавсралт хөгжүүлэгч компаниудын хүсэлтийг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хүлээн авч эхлэх бөгөөд үндсэн шалгуур нь компанийн эзэд нь болон үүсгэн байгуулагч нь эмэгтэй эсвэл багийн аль нэг гишүүн эмэгтэй байх шаардлагатай ажээ.


Харин шалгарсан тохиолдолд компани тус бүрээс гурван хүн Калифорни муж улсын Купертино хот дахь “Apple” компанийн төв байранд 14 хоногийн тусгай сургалтанд суух боломжтой болох бөгөөд энэхүү хугацаанд тэд компанийн инженерүүдээс заавар зөвлөгөө авах боломж бүрдэх ажээ.


Түүнчлэн ирэх онд болох “Apple” компанийн программ хөгжүүлэгчдийн бага хуралд оролцох хоёр урилгыг компани тус бүрт өгөх юм. Уг арга хэмжээний үеэр шинэ программ хангамж болон түүний технологийг хөгжүүлэгчид өөрсдийн бүтээлээ танилцуулдаг юм.


Эмэгтэй бизнес эрхлэгчид эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон сорилттой нүүр тулгардаг бөгөөд 2017 онд эмэгтэй бизнес эрхлэгчид дөнгөж 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт авсан байхад эрэгтэй бизнес эрхлэгчид нийт 83.1 тэрбум ам.долларын санхүүжилт авсан гэж “Apple” компанийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


Гэсэн хэдий ч үүнийг үл харгалзан эмэгтэй тэргүүнтэй шинэ компаниуд эрэгтэй эзэнтэй компаниудтай харьцуулахад хөрөнгө оруулалтын өгөөж нь 35 хувиар өндөр байсан байна.   

Холбоотой мэдээ