З.Оюунбилэг:110 жилийн түүхтэй Чойжин ламын сүмийг сэргээх хөрөнгө, мэргэжилтэн шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхэн дурсгалт газрыг сэргээн засварлах хүний нөөцийг бодлогын хэмжээнд бэлтгэх шаардлагатай гэдгийг өнөөдөр болсон “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлгийн үеэр Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн онцлов.
Тэрбээр ярихдаа, “Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах газар” 1973 онд байгуулагдаад 1995 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Зураг төслийн мэргэжилтэн, архитектор, мужаан, зураач, хүний нөөц зэрэг бүтэц зохион байгуулалттай энэхүү байгууллага 1995 онд өмч хувьчлалаар татан буугдаж эзэнгүйдсэн. Тухайн үед ажиллаж байсан 10 орчим мэргэжилтэн сэргээн засварлалтын чиглэлээр ажиллаж байна. Тиймээс цаашид түүхэн дурсгалт газрыг сэргээн засварлах хүний нөөцийг бодлогын хэмжээнд бэлтгэх шаардлагатай байна.
Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгыг сэргээн засварлахад их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа.
1950-1970 оны үед БНХАУ, ОХУ-аас мэргэжилтнүүд урьж авчирч, сэргээн засварласан баримт бий. Тухайн үед цогцоор нь нэлээн сайн зассан. Түүнээс хойш хөрөнгө мөнгөний асуудлаас болж сэргээн засварлалт цогцоор нь хийж чадаагүй. Бага хэмжээний, хэсэг газарт сэргээн зассан ч одоо сүм музейг цогцоор нь сэргээн засварлах шаардлага тулгараад байна. Уран барилга байгууламж маш олон хэсгээс бүрддэг, нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг. Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлахдаа тендерийн тухай хуулиар зохицуулдаг нь буруу гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь сүм музей өөрөө онцлогтой барилга, онцгой обьект. Тиймээс тендерт ялсан компани гүйцэтгэх боломжгүй. Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах тусгай зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэнэ гэсэн хуулийн дагуу шалгарсан байгууллага хийж ёстой, гэхдээ сэргээн засварлалтын үед хянадаг механизм хэрэгтэй байна” гэв.
Энэ жил Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн түүхэн ойг тохиолдуулан төр засгаас түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтын талаар баримталж ирсэн бодлого, түүний хэрэгжилтийг судлан шинжлэх, харьцуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, түүхэн уламжлал болон өнөөгийн байдлыг олон нийтэд танилцуулах зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дурсгалт барилга сэргээн засварлалтын чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл "Дурсгалт барилгыг сэргээн засварлах үйл ажиллагаа", "Сэргээн засварлах үйл ажиллагааны эрх зүйн орчин", "Сэргээн засварлах ажлын зураг төсөл боловсруулалт", "Сэргээн засварлагч-архитектор мэргэжилтний хэрэгцээ ба өнөөгийн байдал", "Сэргээн засварлах ажилд уламжлалт технологи хэрэглэж буй туршлага" зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Сэргээн засварлалтын зөвлөх архитектор, доктор З.Оюунбилэг
хэлэхдээ, “Түүхийн дурсгалт барилгыг сэргээн засварлана гэдэг энгийн барилга барихтай адилгүй. Харин түүхэн тодорхой
баримт, эх сурвалж, судалгаа шинжилгээний үндсэнд анхных нь төрх байдлаар
сэргээж засварладаг. Үнэхээр манай түүхэн барилгуудад сэргээн засварлалтын ажил хийх
шаардлагатай. Энэ газруудыг эзэмшиж байгаа байгууллагууд
менежментийн төлөвлөгөөний дагуу сэргээн засварлах ёстой. Гэтэл өнөөдөр
мэргэжлийн байгууллага, сэргээн засах архитектор бэлтгэж байгаа сургууль ч алга.
Тиймээс сэргээн засах ажлыг
мэргэжлийн түвшинд хийж чадахгүй байна” гэв.
Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох
Чойжин ламын сүм нь 1904-1908 оны хооронд бүтээн байгуулж монголчуудын сэтгэл
оюун, сүсэг бишрэлд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн билээ. Тус сүмийг уран
барилгачдын урлахуйн гайхамшигт ухаанаар барьсан түүх, соёлын үнэт цогцолбор
бүтээл бөгөөд их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсч үлдсэн цөөн сүм хийдийн нэг юм. Сүмд хадгалагдах ном судар, бурхан, шашны эд өлгийн зүйл нь монголчуудын оюун санаа, сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл
эрхэм нандин, үнэлж баршгүй дурсгал тул 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн
зорилгоор “Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлж, улмаар 1941 онд Ямпай
хаалгыг, 1960 онд сүмийг бүхэлд нь төрийн хамгаалалтад авсан түүхтэй.
Эдүгээ Чойжин ламын сүм музей нь Захиргаа-аж ахуй, Сан
хөмрөг эрдэм шинжилгээ гэсэн нэгж, 20 ажилтантай. Музейн уран барилгын үнэт
дурсгал болсон таван сүмд Монголын түүх, шашин, соёл, урлагийн үнэт өв болох
6000 гаруй үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байгаа аж.