“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад хэрхэн бэлтгэж байна вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-29 10:54:37

БУЭНОС-АЙРЕС. /ТАСС/. Маргааш эхлэх “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын төвөөс холгүй орших Ла-Плата эрэг дээр байрладаг “Costa Salguero” төвд нээлтээ хийнэ.


Уулзалт болох гэж байгаатай холбогдуулан хотын төвийн хэд хэдэн гудамж, замыг түр хугацаанд хаажээ. Дэлхийн удирдагчдын уулзалт болох газар нь Хорхе Ньюберийн нэрэмжит нисэх онгоцны буудлын ойролцоо байрлаж байгаа бөгөөд “Их 20”-ийн уулзалт үргэлжлэх өдрүүдэд тус нисэх онгоцны буудал зөвхөн албаны хүмүүст зориулан үйл ажиллагаагаа явуулах аж.


Уулзалтад оролцохоор хамгийн түрүүнд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд Аргентинд хүрэлцэн иржээ.


Тус газарт одоогоор өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд сэтгүүлчдийг нэвтэрхийг зөвшөөрөхгүй байгаа аж. Түүнчлэн “Costa Salguero” орчмын бүсүүд рүү нэвтрэх автомашины замуудыг өнөөдрийн 21:00 цагаас 12 дугаар сарын 29-ны 22:00 цаг хүртэл хаах юм байна. Хотын төвд ч мөн адил хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана гэнэ. Дээд хэмжээний уулзалт үргэлжлэх хоёр өдрийн турш метро болон галт тэрэгний үйлчилгээг зогсоохоос гадна хотын автобусны чиглэлүүд өөрчлөгдөх аж. Мөн хотын оршин суугчдад зориулж дээд хэмжээний уулзалт эхлэх өдрийг амралтын өдөр болгон зарласан байна. 

Холбоотой мэдээ