Хичээх өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-30 10:35:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийн дуу хоолойг иргэд хүргэх өдөр энэ сарын 29-нд тохиож, аймгийн Цагдаагийн газар “Хичээх өдөр” уриан дор тэмдэглэлээ.
Арга хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Тээвэрчин ХХК, Тасан ХК, Авто сургуулиудын нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцсон байна. Аймгийн төв замаар 50 гаруй автомашин урд хэсэгтээ зам тээврийн осол хэрэгтэй холбоотой тоо баримт, сануулга, уриалга бүхий хулдаасан хэвлэмэл байрлуулж, замаар цуваа болон явав. Мөн явган хүн болон автомашины хөдөлгөөн ихтэй дөрвөн замын уулзварт дээрх агуулга бүхий зурагт хуудсуудыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид барьж, олон нийтэд нөлөөллийн ажлыг хийлээ.
Тус арга хэмжээнд оролцсон сурагчид зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ хичээцгээе хэмээн уриалж байв. Явган зорчигчид ногоон гэрэл, цагаан шугамаар зам хөндлөн гардаг, автомашины жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлдэг байхад л зам тээврийн осолгүй амьдарч болохыг тэд хэлж байсан юм.
Холбоотой мэдээ