G20: ДХБ-ын шинэчлэл, АНУ-Хятадын түр эвлэрэл ба бусад
ТОЙМӨнгөрсөн бямба гарагт /Монголын
цагаар ням гарагт/ Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод дууссан G20-ийн 13 дахь
удаагийн дээд хэмжээний уулзалтад
оролцогч талууд хамтарсан Тунхаглал гаргалаа. Уг баримт бичигт, Дэлхийн
худалдааны байгууллагыг /ДХБ/ шинэчлэх,
эдийн засгийн өсөлтийг хангахын тулд улс төрийн бүхий л арга хэрэгслийг
ашиглах, дүрвэгсдийн асуудал үүсч буй шалтгааныг арилгах, дүрвэгсдэд
хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд хамтран ажиллах нь зүйтэй гэж уулзалтад
оролцогчид санал нэгтэйгээр дүгнэлээ.
ДХБ-ыг шинэчлэх хэрэгтэй гэдгийг Францын Ерөнхийлөгч Э.Макрон өмнө нь
хэдэнтээ мэдэгдэж байсан бол АНУ-ын талын үзэж байгаагаар, тус
байгууллага нь анх бий болох
үедээ өмнөө тавьж байсан зорилгодоо хүрэхгүй байгаа учраас түүнийг шинэчлэхээс аргагүй болсон аж.
Нийт 31 зүйл ба сайд нар, ажлын хэсгийн түвшинд баталсан баримт
бичгүүдийн хавсралт бүхий хамтарсан Тунхаглалд хэт даврагч үзэлтнүүдийг
санхүүжүүлэх явдлыг таслан зогсоохын тулд интернэтийн орчинд терроризмтай
тэмцэх талаар тохиролцсон байна.
“Шударга, тогтвортой хөгжлийг бий
болгох нь” уриан дор хоёр хоногийн турш үргэлжилсэн уулзалтын явцад ирээдүйд
бий болох ажлын байр, хөгжлийн дэд бүтэц, санхүүгийн тогтвортой байдал, уур
амьсгалын өөрчлөлт ба олон улсын худалдааны асуудлыг хэлэлцлээ.
Мөн АНУ-аас бусад G20-ийн орнууд Уур амьсгалын өөрчлөлтийн
талаарх Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид биелүүлнэ гэдгээ хамтарсан
Тунхаглалд нотоллоо. Сануулан
дурдахад, 2017 онд Дональд Трамп G20-ын уулзалтад анх удаа оролцох үеэрээ
Парисын гэрээнээс АНУ гарч байгааг мэдэгдэж байсан билээ.
Харин сүүлийн үед дэлхийн дахины
анхаарлыг ихээр татаж буй Керчийн хоолойд болсон хэрэг явдал, сэтгүүлч
Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэг зэргийг хамтарсан мэдэгдэлд тусгасангүй.
Аргентинд баталсан хамтарсан
Тунхаглал бол G20-ын уулзалтын түүхэнд гаргаж байсан баримт бичгүүдээс агуулгын
хувьд “хамгийн сул нь” гэж тоймчид дүгнэж байгаа боловч уулзалтын үр дүнгийн талаар баримт бичиг гаргасан нь ямартаа ч “том амжилт” мөн гэдгийг дурдаж байна. Учир нь, Папуа-Шинэ
Гвиней улсад хоёр долоо хоногийн өмнө болсон АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хамтарсан тунхаглал
гаргаагүй нь АНУ-Хятадын худалдааны дайнаас үүдэлтэй санал зөрөлдөөнтэй
холбоотой байсан билээ. Хэрвээ энэ удаад Аргентинд дүнгийн баримт бичгийг
зөвшилцөж чадаагүй байсан бол дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгах гол
зорилго бүхий G20-ийн уулзалтууд цаашид зохион
байгуулагдах уу гэдэг нь эргэлзээтэй болохоор байв.
Трамп, Ши нарын 90 хоногийн түр эвлэрэл
Дээд хэмжээний уулзалт дууссаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтдаа ажил хэрэгч оройн зоог барьж, хэлэлцээ хийсэн нь дэлхийн олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татлаа. Хоёр тал бие биенийхээ импортод шинээр ногдуулахаар зэхэж байсан гаалийн татваруудаа 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан байна. Өмнө нь, Америкийн тал Хятадын 250 тэрбум долларын бараанд татвар ногдуулсны хариуд Хятадын эрх баригчид Америкийн 110 тэрбумын бараанд татвар ногдуулснаар хоёр орны хооронд худалдааны дайн дэгдсэн билээ. Үүний дараа америкчууд 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дахиад Хятадын 200 тэрбум долларын бараанд татвар ногдуулах гэж байсан боловч энэ шийдвэрээ Аргентины уулзалтын явцад ийнхүү 90 хоногоор хойшлууллаа. Үүний хариуд Хятадын тал Америкт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авна гэдгээ амлажээ.
Трамп, Ши нарын хийсэн тохиролцоо
нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэж
санхүүгийн салбарын шинжээчид үнэлж байна. АНУ-Хятадын худалдааны дайн нь
дэлхийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлж эхэллээ гэж Олон улсын валютын сангийн
захирал К.Лагард анхааруулсан тэр өдөр Трамп, Ши нар түр зуурын боловч эвлэрэлд хүрч чадлаа.
Худалдааны дайнд түр зуурын
эвлэрэл тогтсон
90 хоногийн хугацаанд хоёр талын албаны хүмүүс зөрчил сөргөлдөөнийг
үүсгэж буй асуудлуудаар тодорхой шийдэлд хүрч чадахгүй бол Хятадын 200 тэрбумын
бараанд ногдуулах татварыг 10 хувиас 25 хувь болгон өсгөх тухай Трампын шийдвэр хэрэгжиж эхлэх юм.
Принстоны их сургуулийн шинжээч
Аарон Фридберг-ийн үзэж байгаагаар, Трамп, Ши нарын Аргентинд хийсэн уулзалт нь
1972 онд Ерөнхийлөгч Ричард Никсон, Хятадын удирдагч Мао Зэдун нар уулзаж
байсныг санагдуулж байгаа бөгөөд учир нь, тухайн үед хоёр орны харилцаа нь
удирдагч хувь хүмүүсээс ихээхэн хамаарч байжээ.
“Тэд өөрсдийгөө улс орныхоо эрх ашиг, нэр төрийг хамгаалж чаддаг хүчтэй
хүмүүс гэж харуулахыг оролдож байна. Хэн хэн нь сул дорой гэж харагдахыг
хүсэхгүй байгаа нь зөвшилцөлд хүрэх магадлалыг бууруулж байгаагийн зэрэгцээ
хоёр орны харилцааг тасалдуулсан гэж өөрсдийг нь буруутгахыг тэд хүсэхгүй
байгаа” гэж А.Фридберг дүгнэн бичжээ.
Трамп, Ши нар 2017 оны 4 дүгээр сард Флорида дахь Америкийн Ерөнхийлөгчийн
өргөөнд, мөн оны 11 дүгээр сард Бээжинд уулзаж байсан билээ. Хоёр талын албаны
хүмүүсийн яриа хэлэлцээ 11 дүгээр сард мухардалд орсны дараа Трамп Ши рүү
утасдаж, хэлэлцээг сэргээхийг санал болгожээ.
RIC буюу Евразийн их гүрнүүдийн уулзалт
В.Путиний санаачилсны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч, Энэтхэгийн Ерөнхий сайд
Нарендра Моди, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын гурван талт уулзалт 2006 оноос
хойш анх удаагаа боллоо. Орос-Энэтхэг-Хятад буюу РИК гэсэн форматаар уулзалт
хийж байх санаачилгыг анх 1991 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайд, Засгийн газрын
тэргүүнээр ажиллаж байсан академич Евгений Примаков дэвшүүлж байжээ.
Оросын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “бидний оршдог Евразийн бүс нутагт болж
буй үйл явц ба олон улсын байдал нь юуны өмнө аюулгүй байдал, улс орнуудын
хооронд бүтээлч харилцааг бий болгох тал дээр илүү уялдуулан зохицуулсан үйл
ажиллагаа явуулахыг тус гурван улсаас шаардаж байгаа учраас өнөөдрийн энэ
уулзалтыг зохион байгуулахыг санал болгосон юм” гэлээ.
“Барцад” ихтэй чуулга уулзалт
Буэнос-Айрест болсон энэ удаагийн
дээд хэмжээний уулзалт нь азгүй 13-ын тоотой холбоотой байснаас ч тэр үү, ямартай ч бүтэлгүйтэл, азгүйтэл хэдэнтээ тохиолоо. Тухайлбал, Германы
Канцлер Ангела Меркель уулзалтын эхний өдрийн арга хэмжээнд оролцож чадаагүй
байна. Учир нь, түүний суусан нисэх
онгоц газрын албатай гэнэт холбоо тасарсан тул нисгэгчид сансрын холбооны
утсаар Кёльн хотын диспетчерүүдтэй холбоо барьснаар тус хотод ослын буулт хийжээ. Меркель зочид буудалд
хоносны маргааш нь цэргийн нисэх онгоцоор түүнийг Испанийн
Мадридад хүргэсэн ба тэрбээр Iberia
компанийн ердийн нислэгээр
Аргентинд очсон байна.
Өөр нэгэн үл ойлголцол гарсан нь, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, түүний гэргий Брижит Макрон нар Буэнос-Айрест хүрэлцэн ирэх үед нисэх онгоцны буудалд тэднийг Аргентины албаны хүмүүс угтаагүй аж. Протокол ёсоор тэднийг Аргентины дэд ерөнхийлөгч Габриэла Микетти угтах ёстой байсан боловч протоколын ажилтны гаргасан алдааны улмаас Э.Макрон онгоцноос бууж байх үед угтагсад нисэх онгоцны буудал дотор байсан гэнэ. Харин Э.Макрон онгоцны шатны дэргэд зогсч байсан нисэх буудлын шар хантаазтай ажилтантай гар барин мэндчилсэн нь нийгмийн сүлжээнд нэлээд дуулиан тарилаа. Учир нь, одоо Францад өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид шар хантаанз өмссөн байгаа нь санамсаргүй тохиолдол мөн гэж үү.
Түүнчлэн Д.Трамптай холбоотой хэд хэдэн тохиолдол гарлаа. Тэрбээр
Оросын Ерөнхийлөгчтэй уулзахаар цаг товлоод байсан боловч Керчийн хоолойд
болсон хэрэг явдалтай холбоотойгоор уулзалтаа гэнэт цуцалсан байна. Түүнээс гадна, Аргентины Ерөнхийлөгч Маурисио
Макри мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж байх үед Д.Трамп орчуулгыг илт голж “танай улсын хэлээр
би илүү сайн ойлгох юм байна”
гэж хэлээд синхрон орчуулгын чихэвчийг шалан дээр чулуудчихжээ.
Тэрбээр мөн бямба гарагт хийхээр төлөвлөж байсан хэвлэлийн бага хурлаа
цуцалсан нь баасан гарагт нас нөгчсөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн гэгээн
дурсгалыг хүндэтгэсэн шийдвэр байв.
G20-ийн тухай товчхон
G20 гэдэг нь дэлхийн 19 улс ба
Европын Холбооны албан ёсны бус нэгдэл юм. Эдгээр улс ба холбоонд дэлхийн хүн
амын гуравны хоёр нь амьдарч, дэлхийн ДНБ-ний 85 хувийг үйлдвэрлэж, дэлхийн худалдааны
75 хувийг бүрдүүлж байна.
Тусгай байгууллага болох Европын
Холбоог Европын зөвлөлийн дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч нар
төлөөлөх бөгөөд бусад орнуудыг нэрлэвэл:
Хойд Америк – Канад, АНУ, Мексик;
Өмнөд Америк – Бразил, Аргентин;
Европ ба Ойрхи Дорнод – Их
Британи, Франц, Герман, Итали, Орос, Турк, Саудын Арави;
Ази тив – Энэтхэг, Индонез,
Хятад, Өмнөд Солонгос, Япон;
Африк тив – ӨАБНУ;
Австрали тив –Австрали;
G20 нэгдлийн үйл ажиллагаа нь
эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үндсэн дээр тогтвортой өсөлтийг бий
болгох, санхүүгийн хямралаас сэргийлэх, дэлхийн санхүүгийн тогтолцоог өөрчлөн
шинэчлэхэд чиглэжээ.
G20-ийн дараагийн 14 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалт Японы Осака хотноо 2019 оны 6 дугаар сард болно.
Б.Адъяахүү