А.Алтантогос: Аймгийн хэмжээнд тогтмол цусаа бэлэглэдэг 270 гаруй донор бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-04 12:37:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг цусаа бэлэглэх өдөр болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийн эрхлэгч их эмч А.Алтантогостой цөөн хором ярилцлаа. Тус аймгийн хэмжээнд тогтмол цусаа бэлэглэдэг 270 гаруй донор байдаг бөгөөд тэдний ихэнх нь залуучууд байдаг аж.

-Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.12 дугаар сарын 03 бол цусаа бэлэглэх өдөр. Энэ өдрийг цусны салбар төв хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Баярлалаа. Нийт уншигчиддаа, донорууддаа мөн энэхүү өдрийн мэнд хүргэн мэндчилье. Таны бэлэглэсэн цусыг хэнд зориулсныг та өөрөө эс мэдэвч аймшигт үхлээс нэгэн амийг авсарсан гэдэгтээ та итгэж болно гэдэг сайхан үгээр яриагаа эхэлмээр байна. 2015 онд ЭМ-ийн сайдын тушаалаар сар бүрийн 3-нд цусаа бэлэглэх өдөр болгон зарласантай холбогдуулан сар бүр нэг байгууллагатай хамтран донорын тухай сургалт хийж, шинээр донор элсүүлэх аян өрнүүлж эхэлсэн нь их үр дүнтэй болсон. Энэ бол манай уламжлалт ажил. Өнөөдөр гэхэд л бид аймгийн Улаан загалмай хороо, Жаахан шарга театр, Нийтийн номын сантай хамтран өдөрлөг хийж, цус цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

-Сүхбаатар аймгийн хэмжээнд хичнээн донор байдаг вэ? Доноруудаа идэвхжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цусны салбар төвд 400 гаруй сайн дурын авлагагүй цусны донор бүртгэлтэй байдаг ба байнга цусаа бэлэглэдэг донор нь 275 донор байна. Бүртгэлтэй байнга цусаа бэлэглэдэг донорын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч нийт хүн амын нэг хувьд ч хүрэхгүй байгаа нь анхаарах асуудал болж байгаа юм. Ер нь олон улсын хувьд гамшгийн үед нийт хүн амын гурван хувьд донорын тоо байвал хангалттай гэж үздэг. Сайн дурын авлагагүй донорыг идэвхжүүлэх олон олон ажлыг манай эмнэлгийн хамт олон улаан загалмайн хороотой хамтран хийж гүйцэтгэдэг. Жилдээ шинэлэг ажлууд зохион байгуулна, жил бүр уламжлал болсон ажлууд ч байдаг. Уламжлал болсон ажил нь бид нар жил бүр 2-3 удаа төрийн болон төрийн бус байгууллагт очиж явуулын цус цуглуулах өдөрлөг зохион байгуулж, цус цуглуулан шинээр донор элсүүлдэг. Энэ үед иргэд албан хаагчид цусны донорын талаарх мэдлэг мэдээллийг илүү олж авдаг юм шиг надад санагддаг. Мөн жил бүрийн 6-р сарын 14-нд "Цусны донорын дэлхийн өдөр"-ийг аймаг сумын иргэдийн төлөөгчдийн хурал, АНЭ, ЭМГ, аймгийн УЗХороотой хамтран 2011 оноос эхлэн 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлээд байна.

-Донорууд насны хувьд ямар байна, зауучуудын идэвх оролцоо хэр байдаг вэ?

-Ер нь цусны донорын насны хувьд 17-60 насны бүх хүмүүс цусаа бэлэглэх боломжтой байдаг.  Манай аймгийн доноруудын насны хувьд  20-40 насны донорууд голчлон цусаа бэлэглэдэг. 50-60 насны хооронд маш идэвхитэй цусаа бэлэглэдэг донорууд ч манайд нэг биш байгаа. Монголын залуучуудын холбооны дэргэдэх аймгийн Залуучуудын холбоо 2014 онд залуучуудын дунд цусаа бэлэглэх аян өрнүүлэн өөрсдөө цусаа бэлэглэж эрдэнэт хүний амь насыг аврах их үйлсэд нэгдсэн. Аймгийн засаг дарга байгууллагуудтай хийсэн гэрээндээ байгууллага хамт олноо цусны донорын эгнээнд нэгдүүлсэн байх гэсэн ажил оруулж өгсөнөөр байгууллага болон залуучуудын идэвхи нэмэгдсэн.

-Аймгийн хэмжээнд цус,цусан бүтээгдэхүүний хэрэглээ хэр байдаг юм бол. Энэ хэрэгцээгээ орон нутагтаа хангаж чадаж байна уу?

-Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд ихсэж байгаа. Үүний шалтгаан нь цус сэлбэх шаардлагатай өвчний гаралт орон нутагт ихсэж байгаатай холбоотой.  Хэдий тийм боловч бид хэрэгцээт бүтээгдэхүүнээ орон нутагтаа үйлдвэрлэж чадаж байгаа нь том давуу тал. Энэ бол нөгөө л доноруудтай холбоотой. Тогтмол цусаа өгөөд сурчихсан доноруудаас гадна энгийн иргэд, албан байгууллагууд цусаа бэлэглэх аян, бусад арга хэмжээнд их сайн хамрагддаг. Ингэснээр бид дотоодын нөөцөө өөрсдөө бүрэн хангаж чадаж байгаа.

-Цусны салбар төвд 2017 онд маш том хөрөнгө оруулалт хийгдэж, шинэчлэгдсэн шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тиймээ. Азийн хөгжлийн банкны 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж манай салбар төв шинэчлэгдсэн. Найман өрөөтэй салбар төвийн байрны засвар хийгдэж, 44 нэр төрлийн 66 ширхэг тоног төхөөрөмж шинээр олгогдсон. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд байдаг 24 цусны салбар төвтэй яг адил түвшний оног  төхөөрөмж ашигладаг болсон. Үүний давуу талыг дурдаад баршгүй юм. Хамгийн энгийн жишээ гэхэд үйлдвэрлэх цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, тэр хирээрээ эмч нарын ур чадвар нэмэгдсэн.

-Цусны салбар төвтэй хамгийн ойр ажилладаг газар бол Улаан загалмай хороо байдаг. Та бүхний хамтын ажиллагааны үр дүн?

-Улаан загалмай хороонд цусны донорын эгнээг өргөжүүлэх, ард иргэдэд донорын талаар сургалт сурталчилгааг хийх, залуу доноруудыг идэвхижүүлэх бүлэг ажилладаг. Энэ бүлгийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд маш эрчимжсэн. Улаан загалмайн хороотойгоо хамтран олон олон шинэлэг ажлуудыг хийхээр төлөвлөөд эхнээс хийгээд явж байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд залуу донорын тоо жилээс жилд нэмэгдэж, оролцоо сайжирч байна.

-Аймгийн УЗХ-той хамтран хийдэг уламжлалт ажил,арга хэмжээ юу байна?

-Улаан загалмайн хороотой хамтран хийдэг уламжлалт томоохон ажил бол жил бүрийн 6-р сарын 14 нд тохиодог "Цусны донорын дэлхийн өдөр" угтан тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. Жил бүр дэлхий нийтээрээ нэгэн уриан дор цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэдэг. 2018 оны уриа нь “Бусдын төлөө цусаа өгч амьдрал бэлэглэе” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн.  Ер нь доноруудыг алдаршуулах, урамшуулах ажлыг Улаан загалмай хороо гол анхаарч ажилладаг.

-Учир дутагдалтай зүйл юу байдаг вэ?

-Аливаа ажлыг хийж явахад алдаа дутагдалтай зүйл их бага хэмжээгээр заавал гардаг. Тэгж байж ажил урагшладаг гэж би ойлгодог. Бидний хамтын ажиллагааны дутагдалтай тал гэвэл уулзаж ажиллах тал дээр арай л бага цаг зарцуулж байна уу даа л гэж бодогддог доо. Яг уулзаад ажилласан тохиолдолд бид маш чанартай ажил хийж чаддаг.

-Зав гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье?

-Баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ