“Эс” үзэсгэлэнгийн орлогыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв барихад зориулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-03 12:27:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан залуу уран бүтээлч Ц.Мөнхтулга, С.Намуунцэцэг, Л.Золбоо нар хамтран “Эс” үзэсгэлэнг Маршал арт галерейд нээлээ.

Хайр хэмээхийг ухаан хэмээн мэдрэмж ойлгоод Хүмүүн ухамсрын толионд үзүүр өчүүхэн гогдоод  Хөврөх их эрмэлзэл нь сэтгэлийн алс руу одоод  Хаа ч хүрэх нь үл мэдэгдэх сэтгэхүйн царааг хүрээлмүй....


Энэ бол залуу уран бүтээлч Ц.Мөнхтулгын “Хайр” шүлгийн мөрт... Тэрээр өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлэх дургүй, харин шүлэгч гэж хэлүүлэхийг хүсдэг. Гэсэн ч гүн гүнзгий утга агуулга бүхий түүний шүлгүүд хэн нэгэн сонирхогчийн “сараачсан” шүлгээс тэс ондоо болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Тэрээр өөрийн өвөрмөц шүлгийн дээжээсээ энэхүү үзэсгэлэнд дэлгэжээ. Залуу уран бүтээлч С.Намуунцэцэг цэцэг зурах дуртай ч түүний бүтээлүүд үүгээр хязгаарлагдахгүйг үзэсгэлэнгийн бүтээлүүдээс нь харж болно.


Бүхий л бүтээл нь гайхшруулам, чадварлаг зураач болохыг илтгэнэ. Учир нь тэрээр хөлөөрөө эдгээрийг бүтээдэг юм. Монгол ахуй амьдрал, соёл, байгаль, тэр бүү хэл шүүмж зургуудаар нь Л.Золбоог танилцуулъя.


Тэднийг тархины саажилттай бидний хэлдгээр хөгжлийн бэрхшээлтэй болохоор магтаж байна гэж бүү бодоорой. Бүтээлүүд нь эрүүл саруул энгийн уран бүтээлчдийнхээс ч хувь илүү санагдсан.

Өмнө нь “Энэ бол би”, “Энэ бол би II“ үзэсгэлэнг тус уран бүтээлчид хамтран гаргаж байсан бол энэ удаад “999+” аяны хүрээнд “Зулзага инээмсэглэл” ТББ-ыг дэмжин байнгын асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүдэд ажлын байр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болох “Аз жаргал Инээмсэглэл” төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх хандивыг босгох зорилгоор үзэсгэлэнгээ гаргажээ.

“999+” аян нь “999 цагаан чихэр” хандивын үдэшлэгээс эхлэн нийт 10 гаруй сая төгрөгийг цуглуулж, зогсоод байсан барилгын ажлыг үргэлжлүүлж барилгын дээвэр болон цонх зэргийг гүйцэтгүүлсэн юм.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр “999+” цагаан чихэр ба Ц.Мөнхтулгын “Тэнгэрийн зангараг” номыг худалдаалж орлогыг зуун хувь “999+” аянд хандивлах юм. Мөн зураачдын зургаас зарагдсан тохиолдолд орлогын тодорхой хувийг хандивлах аж.

Уран бүтээлчид, “Бид хэн нэгний үг заавраар биш өөрсдийн сэтгэл зүрхнээсээ энэ үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Иймээс бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлүүдийн маань өнгө аяс, учир утга, мөн чанарыг л ойлгоосой” гэж хүссэн юм.

Холбоотой мэдээ