Аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг ИТХ-аар хэлэлцсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-04 14:18:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ардчилсан намаас аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” шаардлагыг 11 дүгээр сарын 20-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Харин өнөөдөр /12 дугаар сарын 4-ний өдөр/ хуралдаж байгаа тус хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэнгүй.  

Ардчилсан намаас ирүүлсэн шаардлагыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд, Засаг даргаас тайлбар авсны үндсэн дээр тус шаардлагыг “үндэслэлгүй” хэмээн үзэж, 100 хувийн саналаар ИТХ-ын ээлжит  хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна.

Аймгийн Ардчилсан Намын зүгээс тавьсан шаардлагадаа Засаг дарга О.Бат-Эрдэнийг томилогдоод 2,6 жил өнгөрч байхад аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд ахиц гаргахгүй энэ чиглэлийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулаагүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, гадаад аялал нь их байгаа боловч үр дүн ажиглагдахгүй байгаа зэрэг асуудлыг хөндсөн ажээ.

Ардчилсан намын бүлгээс “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” асуудлыг ИТХ-ын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналыг дахин тавьж, санал хураалгах горимын санал гаргасан боловч хүлээж авалгүй хэлэлцэх асуудлаа баталснаар хуралдаан үргэлжилж байна.

Дундговь аймгийн ИТХ одоогоор 35 төлөөлөгч байхаас 34 төлөөлөгчтэй, түүнээс Ардын нам 20, АН 13 суудлыг бүрдүүлдэг. Харин бие даагч 1 төлөөлөгчтэй ажээ. 

Холбоотой мэдээ