Визийн журам цуцлагдсанаас хойш Буриадад жижиглэнгийн худалдаа цэцэглэх болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-07 17:01:20

НОВО-ОГАРЕВО. /TASS/. 2014 онд ОХУ-тай визийн журмыг цуцалсны дараа хөрш Монгол Улсын оршин суугчид  Буриадад худалдан авалт хийхээр ирж байгаатай холбоотойгоор тус бүс нутагт жижиглэнгийн худалдаа цэцэглэх болсон байна. Энэ тухай Буриадын тэргүүн Вячеслав Наговицын ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдээлжээ.

Түүний хэлснээр, визийн журмыг цуцлах тухай гэрээнд Монголтой 2014 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсны дараа “жуулчны урсгал асар хурдан нэмэгдэж байна”. “Өнгөрсөн оны 12 дугаар сард бүс нутгийн шалган нэвтрүүлэх цэгээр хоногт гурван мянга хүртэл машин гарсан бөгөөд үүнээс өмнө ердөө 300 хүртэл тооны автомашин гардаг байсан. Энэ нь 10 дахин өссөн үзүүлэлт юм” гэж Наговицын хэлжээ.

“Ерөнхийдөө одоо монголчууд манай оронд бараа нийлүүлж, худалдан авалт хийхээр ирэх болсон хандлага бидэнд ажиглагдаж байна. Жижиглэнгийн худалдаа эрс өссөн. Үүний ачаар бид жижиглэнгийн худалдаагаар ОХУ-д нэгдүгээрт орлоо” гэж Буриадын тэргүүн нэмж хэлсэн байна.           

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ