Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-06 12:59:36

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн “Цагаан туузтан” аянд нэгдлээ.

Энэ үеэр албан хаагчид охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн талаарх мэдээлэл болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулгаар хийсэн богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлсэн юм. Үүнээс гадна “Цагаан туузтан” аянд аймгийн ЭМГ-ын хамт олон, Байгаль орчны албаныхан, Статистикийн хэлтсийнхэн зэрэг төрийн байгууллагын ажилтан албан хаагчид нэгдэн орж, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байна.
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын 16 хоногийн аян”-ыг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг дуустал дэлхий даяар тэмдэглэн, хүчирхийллийн эсрэг олон нийтэд хандсан янз бүрийн арга хэмжээ явуулдаг уламжлалтай
байна.
"1991 оноос хойш энэхүү аянд 170 гаруй орон нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөн өрнүүлж байгаа. Энэхүү аян нь хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэхийг уриалах, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жаахан ч болтугай алхам хийх, санаачлагыг дэмжих, хүчээ нэгтгэх, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой юм. Увс аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд энэхүү аянд нэгдэж, дуу хоолойгоо гаргахаа илэрхийлж эхлээд байна" хэмээн аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Ариунаа хэллээ.

 

Холбоотой мэдээ