Роналду, Месси хоёрын 10 жилийн давамгайллыг Модрич зогсоосны учир

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-12-05 13:19:38

ДАШТ-ний мөнгөн медальт Хорватын шигшээ баг болон “Реал Мадрид” багийн хагас хамгаалагч Лука Модрич дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын эзэн боллоо. Өдгөө 33 настай тэрбээр К.Роналду, Л.Месси нарын сүүлийн 10 жилийн давамгайллыг зогсоож чадсан нь санал асуулгын систем өөрчлөгдсөнтэй холбоотой гэж Украины “Новое время” сэтгүүлийн спортын тоймч Андрей Синявский дүгнэж байна.

 

“Реал”-ын тоглогч Л.Модрич “Алтан бөмбөг” шагналыг гардан авсан нь дэлхийн хөлбөмбөгт бэлгэ тэмдгийн чанартай содон үйл явдал боллоо. Үүнд хоёр шалтгаан бий.  Нэгдүгээрт, 2008 оноос хойш уг шагналыг Криштиану Роналду, Лионель Месси нар тус бүр 5 удаа хүртсэн бөгөөд тэд бол сүүлийн хэдэн жилд хөлбөмбөгийн жинхэнэ бурхад байсныг хэлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, гоол оруулдаг учраас хөгжөөн дэмжигчдийн нүдэнд байнга өртөж байдаг довтлогч бус харин тоглолтыг нь сайтар харахгүй л бол төдийлөн анзаарагддаггүй хагас хамгаалагч хүн Алтан бөмбөгийг хүртлээ.


Гэхдээ санал асуулгын систем өөрчлөгдсөнөөр 33 настай Модрич шагналыг хүртсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Өмнө нь шилдэг хөлбөмбөгчнийг дэлхийн бүх улсын шигшээ багуудын дасгалжуулагчид, багийн ахлагч нар болон сэтгүүлчид тодруулдаг байсан бол харин энэ удаад зөвхөн сэтгүүлчид шилдгийг шалгарууллаа. Өнгөцхөн харахад, саналаа өгдөг байсан дээрх хүмүүс өөрсдөө хөлбөмбөг тоглож, бусдыг дасгалжуулдаг учраас хэн шагналыг хүртэх ёстой вэ гэдгийг тодорхойлоход илүү бодитой хандана гэж санагдаж магадгүй.   


Гэтэл үнэн хэрэгтээ тэд зөвхөн өөрсдийн хайртай тамирчдад саналаа өгсөөр ирсэн нь олонтоо бөгөөд 2010, 2012 ба 2013 онуудад Уэсли Снайдер, Хави, Андрес Иньеста, Арьен Роббен нар бус харин Месси, Роналду хоёр дээрх шагналыг хүртсэн нь үүнийг гэрчилж байна. Эдгээр дөрвөн тоглогч тухайн онуудад гялалзсан тоглолт үзүүлсэн ба үүний ачаар багууд нь Аваргуудын лиг, ДАШТ болон ЕАШТ зэрэг хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. Гэтэл Лионель, Криштиану хоёр Испанийн аварга болж, Испанийн цомыг л авсан төдий. Энэ хоёр тоглогч олон сайхан гоол хийсэн нь мэдээж, гэхдээ дээр дурдсан дөрвөн тоглогч хагас хамгаалалтанд тоглодог учраас олон гоол хийх албагүй, огт өөр үүрэг хүлээсэн хүмүүс билээ.


Санал асуулгад зөвхөн сэтгүүлчдийг оролцуулах болсноор уг асуудал илүү нийцэл зохицолтой боллоо. Гэхдээ энэ тохиолдолд бодитой үнэлэлт, шударга байдлын тухай ярих боломжгүй, учир нь хэдийгээр зарим баримт нотолгоонд тулгуурласан ч гэлээ энэ бол бусад хүмүүсийн талаарх нэг хэсэг хүмүүсийн субъектив төсөөлөл билээ. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийнхэн бол хөлбөмбөгчид, дасгалжуулагчдыг бодвол бүх хөлбөмбөгчдөд илүү өндөр босго тавьж тэднийг үнэлдэг.   


Энэ онд Роналду, Месси нарын оруулсан гоолын тоог Модричийн оновчтой цохилтын тоотой харьцуулах боломжгүй ээ. Гэхдээ эцсийн эцэст, талбайн дунд хэсэгт тоглодог ухаалаг, ажиллах чадвар сайтай бөгөөд бууж өгөхийг мэддэггүй тоглогч шагналтнаар тодорлоо. Ийм тоглогч байгаагүйсэн бол Криштиану гэхэд эсрэг багийн хаалганы дэргэдүүр ямар ч үр дүнгүй гүйж, түүнд бөмбөг маш цөөхөн удаа ирэх байсан.


2018 оны Аваргуудын лигийн хагас шигшээ, шигшээ тоглолтуудын үеэр Роналду бүтэлгүйтэх тэр үед түүний хамтрагчид болох Марко Асенсио, Карим Бензема, Гарет Бэйл нар тоглолтыг манлайлж байсан. Харин хэрвээ Модрич бүтэлгүйтсэн бол Мадридын багийнхан Аваргуудын лигийн цомыг атгахгүй байлаа. Тэгэхээр Лука-гийн манлайллын дор түүхэнд анх удаагаа ДАШТ-ний финалд үлдсэн Хорватын багийн тухайд ярих юм алга.   


Ийм учраас хагас хамгаалагч хүн санал асуулгад ялсан нь зүй ёсны хэрэг билээ. Өөрийн байрлалдаа тэрбээр Роналду, Месси нараас дутахгүй ихийг хийсэн. Үүний сацуу тэрбээр Мессигийн авч үзээгүй Аваргуудын лигийн цомыг хүртэж, Португал, Аргентин хоёроос чадвараар дутуу үндэсний шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-ний финалд шалгарсан билээ. Үүгээрээ тэрбээр Роналду, Месси хоёроос ялгарна.


Гэхдээ энэ оноор Роналду, Месси хоёрын давамгайллын эрин үе дуусаагүй ээ, дараа дараагийн жилүүдэд тэдний хэн нь ч дээрх шагналыг дахиад хүртэх боломжтой. Хамгийн гол нь, багийнхаа ялалтанд оруулж буй тоглогчдын хувь нэмрийг дутуу дулимаг, харалган байдлаар үнэлж ирсэн тэрхүү эрин үе төгсгөл боллоо.  


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://nv.ua/opinion/synyavsky/pochemu-modrich-oboshel-ronaldu-i-messi-2511313.html  

Холбоотой мэдээ