Соёл урлагийн ажилтнуудыг тогтвортой ажиллуулахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-06 13:22:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газраас санаачлан “Соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-Удирдахуйн шинэлэг хандлага II” сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Нийслэлд соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагууд, хүний нөөцийн менежерүүдийг хамруулж буй тус сургалтад “NCS” компанийн гүйцэтгэх захирал Д.Болор, “Голомт” банкны хэлтсийн захирал Н.Тэгшжаргал нарзочин багшаар ажиллаж буй юм. 

Тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, “Төрийн ч, бизнесийн ч салбарын байгууллагын аль алинд удирдлага, хүний нөөцийн бодлого байдаг. Удирдах гэдэг нь хүнтэй хэрхэн ажиллаж, байгууллагыг амжилтад хүргэх тухай юм. Байгууллагын удирдлагаас хүний нөөцийн зөв төлөвлөлт бүрдүүлэлт, багаар ажиллах чадвар, боловсон хүчний чадамж олон улсын түвшинд хүрч чадаж байна уу гэдэг асуудал чухал” гэв.

БСШУСЯ-ны мэргэжилтэн Б.Баяраа, “СУИС-тай хамтарч соёл урлагийн салбарын хүний нөөцийн томоохон судалгаа хийхэд манай салбарт өнөөдрийн байдлаар 5496 хүн ажиллаж байна. Тэдний 668 нь ойрын таван жилд тэтгэвэрт гарах насны хүмүүс. Тэднийг ажлаа өгөхөд оронд нь ажиллах залуус байна уу, байсан ч цалин голоод ирдэггүй. Тэгвэл төрийн энэ салбарын ажлыг доголдолгүй явуулахын тулд ажиллах хүмүүсийг хэрхэн татах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Үүнээс үүдэн соёл урлагийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх арга замыг хайж, асуудал оруулснаар амжилт олсон. Мөн төв болон орон нутгийн байгууллагуудын ялгааг арилгасан. Ингэснээр уран бүтээлчид ур чадвараар л өрсөлдөх болж байгаа юм. Түүнчлэн соёл урлагийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагаа чухал. Үүнийг хангах гол үндэс нь удирдах ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах юм. Энэ хүрээнд эхний ээлжинд удирдах ажилтнуудад байгууллага удирдах ур чадвар, хүний нөөцийн бодлогодоо шинэ цаг үеийн шаардлагын үүднээс, шинэлэг арга барил, сэтгэлгээгээр хэрхэн хандах талаар номын дуу сонсгож байна. Байгууллага яаж хөгжих ёстой вэ гэдэг нь байгууллагын удирдлагын менежмент, удирдан зохион байгуулалт, хүний нөөцийн хөгжил юм. Тиймээс энэ нь манай соёл урлагийн салбарт онцгой чухал. Ер нь байгууллагын удирдлага өөрөө хөгжиж байж байгууллага хөгждөг жамтай” гэв.  

Сургалтаар соёл урлагийн байгууллагын удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд төрийн албан хаагчийн мэдлэг мэргэшил, ур чадварыг дээшлүүлэхээс гадна хувь хүний суурь чадамж, удирдахуйн авьяас, мэдрэмж, багаар хамтран ажиллах чадавхид суралцаж байна.

Холбоотой мэдээ